НИТХ-ын ээлжит бус наймдугаар хуралдаан өнөөдөр болж, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай хэлэлцлээ.
Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Тухайлбал ирэх онд 112 байршлын 2,928 иргэнд 162.25 га газрыг өмчлүүлэх, төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 87 байршлын 350.6 га газрыг эзэмшүүлэх юм байна. Дуудлага худалдааны зарчмаар 104 байршлын 175.13 га газрыг шинээр эзэмшүүлэх, ашиглуулахаар төлөвлөжээ.
Харин нийтийн эдэлбэрт 41 байршлын 6.36 га газрыг авах аж.
Ирэх онд 359 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр нөхөн олговортойгоор газар чөлөөлнө. Тодруулбал шинээр барилга байгууламж барих 85 байршлын 240.14 га, үерийн халиа тошингийн эрсдэлтэй гурван байршлын 5.46 га, дэд төвийн зургаан байршлын 1200.44 га, гэр хорооллын дахин төлөвлөлтөд 16 байршлын 222.67 га, инженерийн шугам сүлжээний 73 байршлын 1562.88 га, авто замын барилга байгууламжийн 176 байршлын 199 га газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөхөөр тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийн талаар төлөөлөгч Д.Ихбаяр "Газрын менежмент, төлөвлөлтийн чиглэлээр 17 байршлын 52.45 га газар, газар зохион байгуулалтын чиглэлээр 26 байршлын 261.54 га газар, нөхөн олговор олгох чиглэлээр 33 байршлын 653 нэгж талбарын 16.59 га газрыг тус тус нэмэгдүүлэх саналыг бүлгээс гаргалаа.
Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах шийдвэрт хамрагдсан тухайн газар нутагт газар эзэмших, ашиглах, эрх олгох болон хот байгуулалтын бусад үйл ажиллагаа явуулахыг тодорхой хугацаагаар түр зогсооно гэж зохицуулсан байдаг. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Агро сити дагуул хотыг байгуулах ажлын хүрээнд ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслөөс 12 байршлын 196.86 га газрыг хасах саналтай байна" гэж танилцуулав.
Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албаны дарга Г.Мөнхбаатар: МАН-ын бүлгээс гаргасан эдгээр саналыг хүлээж авах боломжтой. Нэгдүгээр хэлэлцүүлгийн үеэр санал гаргасан есөн төлөөлөгчийн саналыг ч төсөлд тусгасан.
Харин НИТХ дахь АН-ын бүлэг болон хурлын хороодоос 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд оруулах санал гараагүй байна.
Газрын менежмент, төлөвлөлтийн чиглэлээр 17 байршлын 52.45 га газар, газар зохион байгуулалтын чиглэлээр 26 байршлын 261.54 га газар, нөхөн олговор олгох чиглэлээр 33 байршлын 653 нэгж талбарын 16.59 га газрыг нэмэгдүүлэх саналыг НИТХ-ын хуралд оролцож буй 36 төлөөлөгчийн 24 буюу 66.7% дэмжсэн бол2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 83.3%-ийн саналаар баталлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!