Ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг НИТХ-аар хэлэлцэх үеэр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах мөсөн катокийн газар болон Налайх дүүрэг Төв аймгийн Эрдэнэ сумтай хилийн цэсийн маргаан, Богдхан уулын амны газар олголт, инженерийн шугам сүлжээний талаар төлөөлөгчид асуулт асууж, санал хэлснийг багцлан хүргэж байна.
НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа: Баянгол дүүргийн 18 дугаар хороонд эзэнтэй эзэнгүй нь мэдэгдэхгүй, өнгө үзэмжгүй, хүүхдийн аюулгүй байдал, иргэдийн амьдрах орчинд таагүй хүүхдийн каток гэж бий. Энэ хэний эзэмшлийн газар вэ? гээд хэрэв эзэнгүй газар бол ногоон байгууламж болгох саналыг тавив.
Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албаны дарга Г.Мөнхбаатар: 2022 оны НЗД-ын захирамжаар Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах хүүхдийн катокийн 3,996м.кв газрыг "Бяцхан Билэгт хүү спорт клуб" нэр дээр эзэмшдэг. Тус компанид холбогдох хуулийн дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг энэ жил хүргүүлсэн байгаа. Таны шаардлагын дагуу дахин мэдэгдэл хүргүүлье.
Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга Г.Баярсайхан: Тус дүүргийн 18 дугаар хороо, хуучнаар татварын газрын хойно байрлах мөсөн катокийн газар дээр А даалгавар, загвар зургийн хүсэлт өгсөн мэдээлэл цахим системд байхгүй гэв.
Барилга, байгууламж барих бол А буюу архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргадаг байна.
УСУГ-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүү: Байгаль орчны яам болон нийслэлээс олгосон газрын хил хязгаарыг тогтоосон байх. Газрыг яам, нийслэл хоёрын аль олгох вэ? Жишээлбэл Байгаль орчны яамнаас аялал жуулчлалын бүсчлэлээр газар олгосон байдаг. Гэтэл олгосон газар дээр нь барилга байгууламж баригдсан, гүний худагтай. Шинжилгээгээр гүний худгууд нь асуудалтай гардаг, төвлөрсөн шугамгүй. Инженерийн байгууламжууд, газар, ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой техникийн нөхцөл өгөх эсэх асуудал хэрүүл болдог. Эцсийн дүндээ нийслэл асуудлыг шийдэх ёстой гэдэг. Иргэдэд учруулах чирэгдлийг багасгамаар байна.
Хотын дарга Х.Нямбаатар: Богд уулын амны хаус хороолол, Зайсан, Яармагийн иргэд бүгд урцанд амьдарч байгаа. Үе, үеийн Байгаль орчны сайд нар "Отоглох цэг" нэрээр энэ газруудыг олгосон. Цаанаа авлига, ашиг сонирхлын зөрчилтэй байдаг гэж би дотроо боддог. Ус, дулаан, сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, боловсролын байгууллагаар хангах, авто зам тавих үүрэг нийслэлд ирсэн. Өнгөрсөн жил Нүхтийн оршин суугчид шаардлага тавьснаар хаус барьсан нэр бүхий компанийн захирлуудын эвдэж дуусгасан замыг татвар төлөгчдийн мөнгөөр тавьсан.
Шинэ Яармаг хорооллын бүх газар Байгаль орчны яамны Отоглох цэгийн зөвшөөрлөөр олгогдож, хороолол, хотхонууд баригдсан. Шаардлага хангахгүй шугам сүлжээ тавьсан байсан. Өнгөрсөн жил мөн татвар төлөгчдийн мөнгөөр ундны буюу цэвэр усны шугамыг сольсон. Одоо салбар шугамаа шинэчлэх нь барилга барьсан компаниудын хариуцах асуудал. 2024 онд УИХ сүүлчийн хуралдаанаа хийж байх үед хуульд өөрчлөлт оруулж, Богдхан уулын хамгаалалтын захиргаанд байгаа газрыг бүхэлд нь нийслэлд шилжүүлье гэтэл Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхгүй гээд унагаасан.
Хотын дарга болсныхоо дараа газрыг шилжүүлж авахаа больё, отгийн зориулалттайд нь нийслэл хот газрын менежмент хийх эрх авах хуулийн төсөл Одонтуяа сайдын үед УИХ руу ордгийн даваан дээр Засгийн газар өөрчлөгдөж, хуулийн төсөл зогсонги байдалд орсон.
ЮНЕСКО-гийн соёлын өвөөс Богдхан уулын дархан цаазат газар хасагдах гэж байна гэж ярьдаг. Соёлын өвөө хамгаалж байсан юм бол Байгаль орчны яамнаас газар өгөх ёсгүй байсан. Одоо нэгэнт газар өгсөн бол Богдхан уулын амуудад байгаа амины болон орон сууцны хорооллуудын ус, дулаан, цэцэрлэг, сургууль, авто зам, инженерийн шугам сүлжээг нийслэл хариуцаад төлбөрөө авъя гэнгүүт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхээ шийдээд нэгдүгээр хэлэлцүүлэгт ортол Төрийн байгуулалтын байнгын хорооноос хасагдсан.
Одоо хоёр дахь хувилбараа оруулаасай гэж Байгаль Орчны шинэ сайдтай ярилцаж байна.
Шинэ Яармаг хорооллын орчмын газар нь Төв аймагтай хилийн маргаантай байсныг эцэслэсэн. Харин Налайх дүүрэг тус аймгийн Эрдэнэ сумтай 40 гаруй мянган га газрын маргааныг шийдээгүй байгаа. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга Налайх дүүргийн Цонжинболдог орчимд 40 гаруй мянган га газар олгосон асуудал бий. Үүнийг эцэслэчихвэл нийслэл хот Төв аймаг, Байгаль Орчны Яамтай хилийн маргаангүй болно. Ингэснээр Налайх дүүрэг болон Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүс орчим газрын төлбөрөө өөрсдөө авах юм гэлээ.
Төлөөлөгчдөөс нийслэл хотод газар олгосон мэдээллийг нээлттэй болгох, үнэхээр нийтийн эрхийг зөрчсөн бол газрын эрхийг цуцлахгүй бол нөгөө талаас бизнес эрхлэгчдээ боомилсон болох талтай гэсэн саналыг гаргаж, нийслэлийн газар зохион байгуулалтын ирэх оны төлөвлөгөө болон өнгөрсөн оны төлөвлөгөөний биелэлтийн талаарх нэгдүгээр хэлэлцүүлгийг хурлын хороо, холбогдох намын бүлгүүдэд шилжүүлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!