Уншиж байна ...

Ө.Амгалан: Манай улсад жуулчин давтан ирэхгүй байгаа нэг шалтгаан нь улиг болсон маршрут

П.Сайнжаргал, IKON.MN
11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

“Аялал жуулчлалын судалгаа 2025” эрдэм шинжилгээний хурал Чингис хаан музейд өнөөдөр боллоо. 

Энэ үеэр манай улсыг зорин ирэх жуулчдын тоо болон нэг ирсэн жуулчин Монгол Улсад давтан ирэх сонирхол байдаг уу? гэх асуултыг дэвшүүлэн МУИС-ийн харьяа Хот, бүс нутгийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор Ө.Амгалангаас тодруулснаа хүргэж байна. 



Тэрбээр хэлэхдээ "Дэлхий нийтийн хандлага үнэ цэнтэй аялал жуулчлал руу шилжиж байна. 

Өөрөөр хэлбэл жуулчдын хүсэл хэрэгцээнд нийцүүлсэн аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа гэсэн үг. Монгол Улсын аялал жуулчлалын компаниуд ч энэ жишгийг дагах нь зүйтэй. 

Өнгөрсөн жил манай улс 807,000 жуулчин хүлээн авсан бол энэ оны эхний 11 сард 810,000 гаруй жуулчин хүлээн авчээ. Өмнөх жилийнхээ амжилтаас давлаа гэх тооноос илүүтэйгээр тэдний хэдэн хувь нь үнэ цэнтэй жуулчид байсан бэ? ...

Магадгүй тэдний хэдэн хувь нь эргэж ирэх вэ? гэдэгтээ анализ хийж үзэхгүй бол ирсэн болгоноо тоолдог хандлага хоцрогджээ. 

Тэгвэл жуулчдаа давтаж ирүүлэхийн тулд яах ёстой вэ?

Манай аялал жуулчлалын компаниуд өөрсдөө анхаарах хэрэгтэй. 

Бид анх 1990 оны үед “Жуулчин” гэх ганцхан компанитай байсан. Улмаар 1990 оны дараа тухайн компанид ажиллаж байсан хүмүүс өнөөгийн Монголын аялал жуулчлалын тулгын чулууг тавьсан билээ.

Өнгөрсөн хугацаанд чамгүй туршлага хуримтлууллаа. Гэвч аяллын компаниудын хөтөлбөрийг веб сайт руу нь ороод үзэхээр нэгэн хэвийн маршрут л байдаг.

Улаанбаатар-Өмнөговь-Орхоны хөндий-Хөвсгөл ороод л буцаад ирдэг. Бараг бүх аяллын компани ийм жишигтэй. Бие даасан бүтээгдэхүүн хөгжүүлэлт буюу хүмүүсийг татаж, үнэ цэнтэй аяллыг бүтээх зорилго руу ханддаггүй байх нь ээ.

Ийм жишиг маршрутаа бүгд хуулбарлаад тавьчихдаг. Ингэж л явбал Монголыг бүхлээр нь үзчихнэ гэж тайлбарлана. 1990-ээд оны үеийн энэ хөтөлбөрөө одоо өөрчлөх цаг болсон. 

Олон хувилбарт маршрут байна уу. Улаанбаатар хотод ирсэн жуулчныг авч явахдаа Тэрэлжээс өөр юм мэддэггүй мэт. 

Аялал жуулчлалын өөр ямар хувилбар байж болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. 

Яагаад тэр хүнийг малчин айлд аваачаад амьдралын хэв маягт нь оруулаад явуулж болохгүй гэж. Манайд очих газар, үзэх зүйлс хангалттай. Нэг малчин айлд гурав хоноод явна гэдэг чинь дэлхийн бүх аялагчдын хүсэл. Гэвч дөнгөж оруулаад цай амсуулаад фургондоо суулгаад давхидаг" гэлээ. 

Нэг малчин айлд гурав хоноод явна гэдэг чинь дэлхийн бүх аялагчдын хүсэл. Гэвч дөнгөж оруулаад цай амсуулаад фургондоо суулгаад давхидаг.

"Аяллыг зүгээр Тэрэлжийн мэлхий хад үзүүлээд болчихно гэж ойлгож болохгүй"

Үргэлжлүүлэн "Аяллыг зүгээр мэлхий хад үзүүлээд болчихно гэж ойлгож болохгүй. Үнэ цэнтэй байх ёстой. 

Аялал жуулчлалыг дараагийн түвшинд хүргэхийн тулд компаниуд өөрсдөө хүчирхэг байх хэрэгтэй гэдэг зарчим.

Нөгөө талаас Монголын говь, хангай, сүм, малчин айл, хамгийн гоё нуур энэ байна гээд л бүхнийг нэг дор маш шахуу хуваариар үзүүлдэг.

Ингэснээр нөгөө жуулчинд "Одоо надад нэмээд үзэх газар байхгүй байх" гэх сэтгэгдэл төрчхөөд байгаа гэсэн үг. Нэг ирэлтээрээ бүгдийг нь үзлээ гэж боддог учир дахин ирэх үү?

Иймд 1990 оноос хойш өнөөг хүртэл явж ирсэн аялал жуулчлалын компаниудын бизнесийн хэв шинж өөрчлөгдөж, компаниуд өөрсдөө хүчирхэг, компаниуд өөрсдөө засаглалын зөв тогтолцоотой болох хэрэгтэй. Түүний дараа зөв жишиг тогтоно.

Улиг болсон маршрутаар л яваад байна. Би аялал жуулчлалын салбарт судалгаа хийгээд 20 орчим жил болж байна. Тэр үед л ямар маршрутаас аялдаг яг бахь байдгаараа.

70 гаруй жил ганцхан говиор ороод Хөвсгөл гараад ирдэг тойрон аяллын маршрутаар явж байна. Гэтэл дэлхий нийтээр тойрон аяллын хэв шинжээ өөрчилж байгаа. 

Манай улсад жуулчин давтан ирэхгүй байгаа нэг шалтгаан бол аялал жуулчлалын компаниудын зарж буй бүтээгдэхүүнтэй шууд холбоотой.

Түүнээс биш манайд очих газар, үзэх зүйлс хангалттай. Жишээ нь Амарбаясгалант, Эрдэнэ зуу хийдэд очихоороо "Монголын хамгийн гоё сүм хийд" гэж хэлдэг. Гэтэл түүнээс гоё сүм хийд олон бий" гэлээ. 

Мөн "Монголд өдөрт багаар бодоход 140 орчим онгоц нисэж, бууж байна. Эдгээрийн дийлэнх нь Улаанбаатарт буудаг. Гэтэл Хөвсгөл, Баян-Өлгийд шууд буудаг нислэг байвал жуулчдад илүү амар болно. Энэ зохицуулалтыг л төр шийдэх байх, бусдыг нь жуулчдын компани анхаарах нь чухал. 

Хамгийн гол нь нэг ирсэн жуулчин дахин ирэх сэдлийг төрүүлж байж ирээдүйд жуулчдынхаа урсгалыг нэмэгдүүлж чадна" хэмээв.