13 настай охиныг нүцгэнээр харуулдаг 1975 оны киногоо үзвэрээс буцаан татаж байгааг Германы найруулагч зарлав
Лхагва гарагт Германы найруулагч Вим Вендерс 1975 онд дэлгэцэнд гаргасан “Буруу Алхам” (The Wrong Move) уран сайхны киногоо үзвэрээс бүрмөсөн татаж байгааг зарлажээ.
Уг кинонд тухайн үед 13 настай байсан жүжигчин Настасья Кински нүцгэн дүрслэгддэг тул ийм шийдвэр гаргасан байна.
Одоо 65 настай Кински саяхан киногоо засварлахыг Вендерст уриалж байсан юм.
Тэрбээр өнгөрсөн сард Германы Sueddeutsche Zeitung сонинд өгсөн ярилцлагадаа “Энэ бол миний анхны кино, тэр миний анхны найруулагч байсан. Гэхдээ тэр намайг хамгаалаагүй” хэмээн дурсаж байв.
“Paris, Texas”, “Wings of Desire” зэрэг кинонуудаараа алдаршсан Вендерс энэ ярилцлагын дараа Кинскигээс уучлал гуйсан юм.
“Настасья Кинскийг тухайн үед илүү сайн хамгаалах ёстой байснаа би хүлээн зөвшөөрч байна. Үүний төлөө би түүнээс ямар ч эргэлзээгүйгээр уучлал гуйж байна” гэж тэр хэлжээ.
“The Wrong Move” кинонд жүжигчин Клаус Кинскийн охин Настасья дүр бүтээсэн нь түүний урлагийн замналын эхлэл байсан юм.
Уг киноны гол дүр Герман орноор аялж буй зохиолчийн дүрд жүжигчин Рюдигер Воглер тоглож байжээ.
Түүний аяллынхаа замд уулзсан хүмүүсийн дунд хэлгүй, өсвөр насны акробатчин байсан нь Кински бөгөөд тэр уг кинонд цээж нүцгэн дүрслэгддэг байна.
Өчигдөр Вендерс уг киногоо “одоогийн бүх төрлийн түгээлтийн сувгууд, түүний дотор стриминг үйлчилгээнүүд, телевизийн нэвтрүүлгээс татаж байгааг” зарлажээ.
Түүний үүсгэн байгуулсан ашгийн бус Вим Вендерс сан “The Wrong Move” киног эзэмшдэг юм байна.
Кинскийтэй харилцан тохиролцсон шийдэл олдох хүртэл уг киног хаанаас ч үзэх боломжгүй болж буйг Вендерс тайлбарлажээ.
Тэрбээр бас энэ асуудлаар Кински, Германы Кино Академи болон бусад талуудыг оролцуулсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
“Манай нийгэм 20 дугаар зууны маргаантай кино бүтээлүүдтэй хэрхэн зохистой харьцах арга замыг олох, кино урлагийн талаар шинэ үзэл номлол, сургалтын агуулгыг бий болгох шаардлагатай байна” гэж Вендерс хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Германы Оскар гэгддэг кино урлагийн шагнал гардуулах ёслолын үеэр тэр бас энэ талаар байр сууриа илэрхийлж байсан юм.
Настасья Кинскийн кино урлагт хөл тавьсан түүх олон жилийн турш эргэлзээ, маргаан дагуулж байсан.
Тэрбээр 14 ба 17 настайдаа бас “To the Devil a Daughter”, “Stay As You Are” кинонуудын нүцгэн үзэгдэлд тоглож байжээ.
Кински бас Вендерсийн 1984 оны бүтээл “Paris, Texas” кинонд дүр бүтээх урилга авч байсан юм.
1997 онд W Magazine сэтгүүлд Кински “Хэрвээ тухайн үед намайг хамгаалах хэн нэгэн байсан бол, эсвэл би өөртөө илүү итгэлтэй байсан бол зарим зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байж болох байсан” хэмээн ярьж байв.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
