Ц.Төрхүү: “Туул-1” коллекторт газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээг зөөж, шилжүүлэх асуудал тулгамдаж байгаа

Д.Янжиндулам, ikon.mn
3 цаг 6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

“Туул-1” коллектор нь Улаанбаатар хотын бохир усны шугамын ачааллыг авах гол хэвтээ тэнхлэгийн шугам бөгөөд одоо байгаа болон ирээдүйд барих барилга байгууламжийн бохир усыг татан зайлуулах стратегийн ач холбогдолтой инженерийн шугам сүлжээ аж.

Тодруулбал тус коллектор нь Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын хорооллуудын бохир усыг төв цэвэрлэх байгууламжид хүргэхээр төлөвлөгджээ.

Коллекторт хамгийн сүүлийн үеийн технологиор хийсэн 50-100 жилийн эдэлгээг даахуйц, химийн бодист тэсвэртэй материалаар хийгдсэн 1,200-1,500 мм голчтой хоолойг ашиглаж байгаа бөгөөд хоолойн дотор ханын гөлгөр гадаргуу нь бохир усны урсгалыг чөлөөтэй дамжуулах давуу талтай байна.

Хотын даргын мэдээлснээр тус коллектор ашиглалтад орсны дараа гэр хорооллыг барилгажуулах боломжтой болно. Энэ ажлыг хийж дуусгахгүй бол өмнөдийн 1,000-ын коллектор татан зайлуулж буй бохир усны ачааллаа дийлэхээ больж, бохир халих эрсдэлтэй болжээ.

Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл 30.4 км үргэлжлэх "Туул-1" коллекторыг барих шийдвэрийг 2007 онд гаргасан ч хэрэгжиж дуусалгүй олон жил болсон байна. Харин УСУГ-аас “Туул-1” коллекторын шугам угсралтын ажлыг өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлүүлээд буй.

“Туул-1” коллекторын III, IV дүгээр хэсгийн 1,200-1,500 голчтой шугамаас угсралт хийгдээгүй үлдсэн 10.4 км шугамын угсралтыг хийж дуусгаснаар Улаанбаатар хотын ариутгах татуургын гол цуглуулах шугамын хүчин чадал 80 хувиар нэмэгдэж, шинээр 300 мянган өрхийг ариутгах татуургын төвлөрсөн системд холбох боломжтой болох тооцоолол гарчээ.

Ажлыг үргэлжлүүлэхэд газар чөлөөлөлт, бусад инженер хангамжийн шугам сүлжээг зөөж, шилжүүлэх асуудал тулгамдаж байгааг УСУГ-ын дарга Ц.Төрхүү хэлэв. Өнөөдрийн байдлаар “Туул-1” коллекторын угсралтын ажил 50 хувьд хүрчээ.

зураг
 
Бохир усны Туул-1 коллекторын байгууламжийг 2024-2026 онд угсарч дуусгах бөгөөд нийслэлийн бондын хөрөнгөөс санхүүжих нийт төсөвт өртөг 59 тэрбум төгрөг. Үүнээс энэ онд 22 тэрбумыг зарцуулахаар баталжээ. Мөн төсвийн тодотголд санхүүжилт нэмэхээр тусгасан байна.