"Бохир усны Туул-1 коллекторын трасст өртсөн газар чөлөөлөлтийг энэ оны II, III улиралд зохион байгуулна"
Улаанбаатар хотын бохир ус дамжуулдаг систем ачааллаа даахаа больсон. Иймээс Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл 32 километр үргэлжлэх Улаанбаатар хотын бохир усны "Туул-1" коллекторыг барих шийдвэрийг 2007 онд гаргасан ч хэрэгжиж чадаагүй олон жил болсон. УСУГ-аас “Туул-1” коллекторын шугам угсралтын ажлыг өнгөрсөн оны намраас эхлүүлсэн бөгөөд зөвхөн дулааны улиралд хийдэг гэх ажлыг улирал харгалзахгүйгээр үргэлжлүүлж буй.
Ажлын явцын талаар НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс “Туул-1 коллекторын трасс дагууд 79 нэгж талбар газар чөлөөлөлтөд өртсөн. Өнөөдрийн байдлаар 25 нэгж талбарыг чөлөөлсөн.
Шугамын ажил гүйцэтгэлтэй холбоотой газар чөлөөлөлтийг энэ оны II, III улиралд зохион байгуулж, шугам угсралтын ажлыг богино хугацаанд хийж дуусгахаар төлөвлөжээ. Иймээс иргэд, ААН, байгууллагуудыг “Туул-1” коллекторын шугам угсралтын ажлын явцын талаарх мэдээллийг бүрэн авч, хамтран ажиллахыг уриалж байна.
Коллекторын 3, 4 дүгээр хэсгийн Ф1,200-1,500 мм-ийн голчтой шугамаас угсралт хийгдээгүй 10.4 км шугамын угсралтыг хийж дуусгаснаар Улаанбаатар хотын ариутгах татуургын гол цуглуулах шугамын хүчин чадал 80 хувиар нэмэгдэж, шинээр 300 мянган өрхийг ариутгах татуургын төвлөрсөн системд холбох боломжтой болох юм.
Хэрвээ “Туул 1” коллектор ашиглалтад орохгүй бол цаашид шинэ бүтээн байгуулалтыг хүлээн авах боломжгүй нөхцөл байдал хотод үүснэ. Одоо хийж буй энэхүү шугам хоолой нь бохир усанд тэсвэртэй, хөрсний даац авах чадвартай гэдгээрээ онцлог.
2025 оны намар УСУГ-аас ажлын зургийн өөрчлөлт батлагдсан даруйд долоон бригад 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохих хугацаанд ажлыг гүйцэтгэж байгаа юм. Энэхүү шинэ бохирын шугам өргөтгөл нь Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа шугамуудаас хамгийн өргөн буюу 1.5 метрийн диаметртэй.
Баянзүрхийн хэрэглэгчдээс эхлээд Төв цэвэрлэх байгууламж хүртэлх ачааллыг хуваалцах үүрэгтэй. Тус шугам тавигдсанаар төвийн коллекторын ачаалал 50 хувиар буурна" гэж мэдээллээ.
“Туул-1” коллектор нь Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын хорооллуудын бохир усыг шууд болон одоо ажиллаж байгаа Налайхын, өмнөдийн, төвийн болон 23 дугаар коллектороор дамжуулан төв цэвэрлэх байгууламжид хүргэх онцгой ач холбогдол бүхий шугам аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
