2006 онд Засгийн газраас 40,000 орон сууцны хөтөлбөр төслийг эхлүүлэх тогтоол гарч, Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоноос, Нарны замын бүсээр дамжуулан Төв цэвэрлэх байгууламжид бохир усыг нийлүүлэх 23 тэрбумын төсөвт өртөгтэй, 30 километр урт, Туул-1 коллекторын бохир ус дамжуулах шугамыг барих ажил 2007 онд эхэлсэн ч 10.4 километрийг гүйцэтгэхгүй, үлдээжээ.
Уг төсөл нь Гачуурт тосгоноос Баянзүрхийн товчоо хүртэл, Баянзүрхийн товчооноос Дүнжингарав худалдааны төв хүртэл, Дүнжингарав худалдааны төвөөс Нарны зам дагуу Гурвалжингийн гүүр, Гурвалжингийн гүүрнээс Сонгинохайрхан дүүрэгт байрлах Төв цэвэрлэх байгууламжид Улаанбаатар хотын бүх бохир усыг цуглуулж, нийлүүлэх дөрвөн хэсэгтэй бөгөөд үндсэн магистраль шугам.
2012 онд Гачуурт тосгоноос Баянзүрхийн товчоо хүртэл, Баянзүрхийн товчооноос Дүнжингарав худалдааны төв хүртэлх бохирын шугамыг ашиглалтад оруулж, Гачуурт тосгон болон Баянзүрх дүүргийн зүүн тал, төвийн хэсгийн бохир усыг авч байгаа аж. Мөн оноос Дүнжингарав худалдааны төвөөс Төв цэнгэлдэх хүртэл бохирын шугамыг дуусгаагүй байна. Бохирын шугамыг гүйцээж барихад шаардлагатай 120 орчим тэрбум төгрөгөөс 60 тэрбумыг нийслэлийн төсвөөс гаргаж, өнгөрсөн сарын 8-наас Туул-1 коллекторын бохирын шугамыг үргэлжлүүлэн угсарч эхэлжээ.
Энэ тухай Ус Сувгийн Удирдах Газрын ерөнхий инженер Ж.Дагвасүрэн "Туул-1 коллекторт 30 километр бохирын шугамаас 10.4 километр нь хийгдээгүй. Аравдугаар сарын 8-наас уг ажлыг үргэлжлүүлэн УСУГ-ын 72 хүнтэй, долоон бригад гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар Төв цэвэрлэх байгууламж талаас 1.2 километр бохир усны шугамыг угсарч дууссан. Энэ оны арванхоёрдугаар сарын 1-н хүртэл хоёр километр шугамыг суурилуулахаар төлөвлөж, материалуудаа авсан.
ТЭЦ-5 баригдах талбайн хойд жигүүрт бохир усны хоолойг угсарч дууссан, одоо зүүн баруун талын дутуу хэсгийг нөхөж угсарч байгаа юм.
Туул-1 коллекторын бохир усны шугамыг элсэн дүүргэлттэй, шилэн мяндсан материалтай хоолойгоор хийж байгаа. Ингэснээр хоолой зэврэхгүй, химийн бохирдолтой усанд идэгдэхгүй, бат бэх, хөнгөн жинтэй, хагарахгүй. Уг хоолой нь хөрсний даацыг авах чадвартай учраас таван метрийн газрын гүнд угсарч байна.
Инженерийн хангамжийн шугам сүлжээг шилжүүлэх, байршлыг өөрчлөх ажлуудад цаг хугацаа их орох болов уу гэж харж байгаа. Төвөгшил багатай байвал 2026 онд Туул-1 коллекторын бохир усны төв шугамыг угсарч дуусгахыг хичээнэ, гэрээ ёсоор 2027 оны арванхоёрдугаар сарын 1-нд дуусгах ёстой.
Туул-1 коллекторын бохирын шугам нь Улаанбаатар хотод ашиглагдаж буй бохир усны шугам сүлжээнүүдээс хамгийн том буюу 1.5 метрийн диаметртэй. Баянзүрх дүүргийн хэрэглэгчдээс эхлээд Төв цэвэрлэх байгууламж хүртэлх бохир усны гол магистрал шугамын ачааллыг 50% хуваалцах юм. Өөрөөр хэлбэл 40,000 айлын орон сууцны бохир усыг цуглуулж, Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлнэ.
Улаанбаатар хотын бохир усны шугам сүлжээ нь барилга байгууламжаас гарч байгаа бохир, шингэнийг өөрийн урсгалаар зөөж Төв цэвэрлэх байгууламжид хүргэдэг. Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжид 1,200мм, 1,400мм-ийн хоёр шугамаар бохир усыг нийлүүлдэг. Эдгээр шугам нь усны хэрэглээ ихтэй үед дүүрч, хальдаг. Тэгэхээр шинээр баригдсан орон сууцны айлуудад бохир усны шугамын холболт хийх боломжгүй болсон. Цагаан сарын үеэр бохир усны систем хамгийн их ачаалалтай байдаг. Хан-Уул дүүргийн бохир усны шугамын механик бохирдол өндөр байдаг учраас усан санд тунах, насосны дугуйг гацаах тохиолдлууд гардаг. Туул-1 коллекторын бохир усны шугам ашиглалтад орвол энэхүү ачааллыг хуваалцана" хэмээн мэдээллээ.
Түүний мэдээлснээр БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж байгаа шинэ Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлын явц 95%-д хүрч, хоногт 50,000 метр.куб бохир усыг хүлээж авах туршилт хийгдэж байгаа бол Улаанбаатар хотын ундны усны баруун эх үүсвэр энэ онд ашиглалтад орно.
Ундны усны баруун эх үүсвэр нь Баруунтуруун, Эмээлт аж үйлдвэрийн технологийн парк, Хүннү хотыг ундны усаар хангах хүчин чадалтай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!