Улаанбаатар хотын бохир усны "Туул-1" коллекторын шугамыг угсралтын ажил өнөөдөр эхэлжээ.
Харин шинэ цэвэрлэх байгууламж бохир ус хүлээж авах эхний туршилтаа тавдугаар, дараагийн туршилтаа наймдугаар сард хийх юм байна.
Бохир усны шугам угсрах ажлын явцын талаар Ус Сувгийн Удирдах Газрын дарга Ц.Төрхүү "Бохир усны Туул-1 коллекторын шугамыг засах ажил өнөөдөр эхэлж байна. Өмнө нь хийсэн муу шугамуудыг дан 800дм хоолойгоор сольж, газар доор зургаан метрийн гүнд суурилуулж байгаа юм.
Уг шугам нь Налайхаас Төв цэвэрлэх байгууламж хүртэл 47 километрт бохир усыг дамжуулах Улаанбаатар хотын магистраль шугам. Өөрөөр хэлбэл Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх бохир усыг дамжуулах шугам хоолой гэсэн үг.
Харин хотын төв рүү шугам татахаар хүндрэлтэй байж магадгүй тул Туул-1 коллекторын трасст орсон ААН, байгууллагууд газраа чөлөөлж өгөхийг хүсэж байна. Байгууллагууд трасст орсон гэдгээ мэдэж байгаа.
Нийт 32 километр шугамыг угсрахаас энэ онд 10 километр, ирэх жил үлдсэнийг хийнэ.
2007 онд анх "Бридж" компани Туул-1 коллекторын шугамыг угсарч байсан юм билээ. Хувийн компаниуд уг шугамыг угсарч, дуусгалгүй орхисноос зогсонги байдалд орсон. Саяхан нийслэлийн Засаг даргын захирамж гарч, шугамын угсралтын ажлыг Ус Сувгийн Удирдах Газарт өгсний дагуу ажил хийгдэж байна.
Туул-1 коллекторын магистраль шугам нь шинэ цэвэрлэх байгууламжтай холбогдоно. Шинэ цэвэрлэх байгууламж бохир ус хүлээж авах эхний туршилтаа тавдугаар, дараагийн туршилтаа наймдугаар сард хийнэ. Тийм болохоор Туул-1 коллекторын магистраль шугамыг заавал хийх ёстой.
Энэ нь гэр хорооллыг орон сууцжуулахад чухал ач холбогдолтой бохир ус дамжуулах хэвтээ магистраль шугам болно" гэж мэдээллээ.
Түүний мэдээлснээр Төв цэвэрлэх байгууламж хоногт 160,000-170,000 м.куб бохир усыг хүлээж авах хүчин чадалтай ч 210 мянган м.куб усыг авч, даац нь хэтэрсэн бол шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орвол хоногт 250,000 м.куб усыг хүлээж авах хүчин чадалтай болох аж.
УСУГ-ын Шугам ашиглалт, засварын албаны бохир усны шугамын инженер А.Энхбаяр “Уг ажлын хүрээнд 18 жилийн хугацаанд “Бридж констракшн” ХХК 19.3 км шугамыг угсарсан гэж байгаа боловч энэхүү хуванцар шугам нь чанар, ашиглалтын шаардлага хангахгүйгээс үүдэн ус шүүрч, шугам угсрахаар ухсан нүхэн дэх усны түвшнийг ихэсгэж буй. Энэ хэвээр байлгавал зуны улиралд бороо орсон үед гүний усны түвшин улам бүр нэмэгдэн, эрсдэл дагуулах аюултай. Иймд уг хуванцар шугамыг ширмэн шугамаар солихоос өөр аргагүйд хүрсэн” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
|