Нэтфликс компани Warner Bros Discovery компаниас кино болон видео стриминг бизнесүүдийг нь $72 тэрбумаар худалдаж авахаар тохиролцсоноо өчигдөр зарлажээ.
Энэ бол Холливүүдийн ертөнцөд дуулиан тарьсан томоохон наймаа юм.
Warner Bros-ийг авах өрсөлдөөнд Comcast, Paramount Skydance компаниуд оролцсон ч ийнхүү Нэтфликс шалгарч байна.
Warner Bros нь “Harry Potter”, “Game of Thrones” зэрэг дэлгэцийн олон алдартай бүтээлүүдээс гадна HBO Max стриминг платформыг эзэмшдэг юм.
Энэ наймааны үр дүнд дэлхийн энтертайнмент бизнесийн салбарт шинэ аварга тоглогч бий болж байна.
Гэхдээ шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах төрийн байгууллагууд энэ наймааг зөвшөөрөх шаардлагатай байгаа.
Салбарын зарим байгууллагууд энэ наймааг уран бүтээлчид, үзэгчдийн аль алинд сөрөг нөлөөтэй хэмээн шүүмжилж байна.
Нэтфликс компанийн хамтарсан гүйцэтгэх захирал Тэд Сарандос зохицуулах байгууллагуудын зөвшөөрлийг авч чадна гэдэгтээ “туйлын итгэлтэй” байгааг мэдэгджээ.
“Warner Bros өнгөрсөн зууны энтертайнментыг тодорхойлсон бол өнөөдөр бид хамтдаа дараагийн үеийг тодорхойлох болно” гэж тэр хэлсэн юм.
HBO брэнд хэвээр үлдэх эсэхийг сэтгүүлчид асуухад Нэтфликсийн нөгөө гүйцэтгэх захирал Грэг Питерс хэрэглэгчдийн хувьд энэ брэнд чухал боловч “цаашид яаж ажиллах талаар ярихад арай эрт байна” гэж хариулжээ.
Нэтфликс, Warner Bros хоёр тус тусын уран бүтээл, үйл ажиллагаагаа хамааралгүй үргэлжлүүлэх бөгөөд үүнтэй холбоотой зардлын давхцалыг арилгавал $2-$3 тэрбумын хэмнэх тооцоо гарсан байна.
Warner Bros компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Дэвид Заслав энэ наймаа нь “дэлхийн хамгийн том хоёр түүх туурвигч компанийг нэгтгэх болно” гэж мэдэгджээ.
Нэтфликс нь Warner Bros-ийн нэгж хувьцааг $27.75-аар тооцоход худалдаж авах үнэ $72 тэрбум болж байгаа юм.
Хоёр компанийн аль алиных нь төлөөлөн удирдах зөвлөл энэ нөхцөлийг 100 хувийн саналаар дэмжжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!