Уншиж байна ...

Х.Нямбаатар: Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэртэй болбол өмхий үнэртэхгүй

Д.Янжиндулам, ikon.mn
Өнөөдөр 8 цаг 00 минут
iKon.MN
Зураг зураг

Шинэ төв цэвэрлэх байгууламжтай уялдан ус дахин боловсруулах үйлдвэрийг Мянганы сорилтын сангийн гэрээний хүрээнд барьж буй. Тус үйлдвэр төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа цэвэрлэсэн уснаас хоногт 50 мянган метр.кубыг дахин цэвэршүүлж, ДЦС-3, ДЦС-4-ийн хөргөлтийн системд ашиглах юм байна.

Цаашид Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудын лагийг хатаах, шатааж цэвэрлэх, үнэр, орчны бохирдлыг арилгах чиглэлээр үргэлжлүүлэн төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Лаг хатаах, шатаах үйлдвэр барих тухай хотын дарга Х.Нямбаатар "Шинэ болон хуучин цэвэрлэх байгууламжийн лагийг авч хатаах, шатаах үйлдвэртэй болсноор Морингийн даваа, Дамбадаржаагийн болон бусад цэвэрлэх байгууламжийн лагийг шатааж, цэвэрлэж өмхий үнэртэхгүй болно. 

БНХАУ-ын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлд хамрагдах ТЭЗҮ-д анх 378 сая ам.доллароор санал оруулсан ч 300 сая ам.доллар батлагдсан тул лаг хатаах, шатаах үйлдвэрийн санхүүжилт хасагдсан юм.

Одоо солонгосуудаар хийлгэсэн 72 сая ам.долларын зөвхөн Төв цэвэрлэх байгууламжийн лагийг хатаах төсөл, нөгөө нь 120 сая.ам долларын буюу Улаанбаатар хотын бүх цэвэрлэх байгууламжийн лагийг шатааж, газ гаргах, орчны бохирдлыг арилгах гэсэн хоёр төслийн урьдчилсан ТЭЗҮ бий.

Төв цэвэрлэх байгууламжийн ажлын явц 95 хувьтай, ирэх наймдугаар сард ашиглалтад оруулна" гэв.

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн талаар албаны хүн "Шинэ төв цэвэрлэх байгууламж өдөрт 250,000 метр.куб ус цэвэршүүлж, гаргана гэж тооцоолсон. Үүнээс 50,000 метр.куб усыг дахин боловсруулж ДЦС-уудад үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах юм. Ингэснээр жилд 14-18 сая метр.куб цэвэр усыг хэмнэнэ гэж үзэж байгаа" гэв.

Тус үйлдвэр нь жилд 14-18 сая метр.куб цэвэр ус хэмнэх ач холбогдолтой бөгөөд цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж ашигласнаар газрын доорх усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахгүй байх онцгой ач холбогдолтойг онцлов. Уг үйлдвэрийг барих ажлын явц 60 гаруй хувьтай хэрэгжиж байгаа аж.