Уншиж байна ...

"The MongolZ" баг дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарахын төлөө Европын "G2 Esports"-ийн эсрэг тоглоно

Н.Эрхбаяр, iKon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Унгарын Будапешт хотноо гуравдугаар шатны тоглолтуудаар үргэлжилж байна. 

StarLadder Budapest Major-2025 тэмцээний гуравдугаар шатанд 16 баг таван тойргийн турш Швейцар форматаар тоглох бөгөөд гурван удаа хожсон найман баг энэ удаагийн дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарна.

"The MongolZ" баг гуравдугаар тойрогт Европын "FaZe Clan" багийн эсрэг "Во1" журмаар өнгөрсөн шөнө тоглож, 13.7 тооны харьцаатай ялалт байгуулсан. Ийнхүү манай улсын баг гуравдугаар шатанд хоёр хожил, нэг хожигдол гэсэн үзүүлэлттэй болж байна. 

Тэд шөвгийн наймд шалгарахын төлөө Европын "G2 Esports" багийн эсрэг өнөө шөнийн 03:00 цагт "Во3" журмаар тоглох хуваарь гарчээ. Тус хоёр баг өмнө нь томоохон тэмцээний хүрээнд таван удаа таарч тоглоход "The MongolZ" баг өрсөлдөгчөө дөрвөн удаа хожиж байв.

Одоогийн байдлаар StarLadder Budapest Major-2025 тэмцээний шөвгийн наймд Бразилын "FURIA", ОХУ-ын "Team Spirit" гэсэн хоёр баг шалгараад байгаа юм.