Францын хотуудад “алах зөвшөөрлийн тухай” хуулийн төслийг эсэргүүцэн олон мянган хүний жагсаал зохион байгуулагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Парис болон Францын бусад хотуудад олон мянган хүн цагдаа, жандармуудад хүч хэрэглэхийг зөвшөөрөх тухай хуулийн төслийг эсэргүүцэн жагсжээ.

Цагдаа нар хүч хэрэглэхдээ өөрийн зэвсгийг ашигласан тохиолдолд хуулийн дагуу ажилласанд тооцох энэ хуулийг “алах зөвшөөрлийн тухай” хууль гэж нэрлэх болсон юм.

Тус улсын парламентын доод танхим Үндэсний Ассамблей долдугаар сард уг хуулийн төслийг дэмжиж байв. Харин одоо дээд танхим буюу Сенат санал хураах гэж байгаа юм.

Парис хотод болсон жагсаалд улс төрчид, хүний эрхийн байгууллагууд оролцсоны дотор зүүний үзэлтэй “Нугаршгүй Франц” намын тэргүүн Матильд Панот багтжээ.

“Цагдаа нар аль хэдийн хүмүүсийг алаад эхэлсэн. Манай Бүгд Найрамдах Улсад бусдыгаа алах эрхтэй иргэдийн ангилал байх ёсгүй” гэж хэлсэн Панот хуулийн төслийг унагахыг Сенатад уриалсан байна.

Жагсаалд Эмнести Интернэйшнл, Францын Шүүгчдийн Үйлдвэрчний Эвлэл, Хүний Эрхийн Лиг зэрэг байгууллагууд оролцжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын бусад хотуудад ийм эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдсан бөгөөд Лион хотод 4,500, Тулуз хотод 3,700 орчим хүн оролцсоныг цагдаагийн байгууллага мэдээлсэн байна.

Үндэсний Ассамблейн вэб сайтад үүсгэсэн онлайн өргөдөлд 730,000 хүний гарын үсэг цугларчээ.

Бямба гарагт Францын дотоод хэргийн сайд Лоран Нюнес жагсаалын үеэр сонор сэрэмжтэй байж, хэрэг явдал гарахаас сэргийлэхийг цагдаагийн байгууллагад уриалж байжээ.

Реннес хотод болсон жагсаалын үеэр хууль сахиулагчидтай жагсагчид мөргөлдсөний дараа гурван цагдаа бэртэж, найман хүн саатуулагдсан байна.

 

Эх сурвалж: AFP