Уншиж байна ...

ТӨСӨВ: Ирэх онд нийслэл ₮2 их наядыг бүтээн байгуулалтад зарцуулах бол ₮500 тэрбумын зээл төлнө

Д.Янжиндулам, ikon.mn
13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотын 2026 оны төсвийг НИТХ-ын хурлаар өчигдөр батлаад буй.

  • Ирэх оны нийслэлийн төсвийг 4.6 их наяд төгрөгөөр баталсан бөгөөд 1.5 их наядыг Улаанбаатар хотын урсгал зардалд зарцуулна. Урсгал зардалд төрийн албан хаагчдын цалин, орон сууц ашиглалтын зардал, хот нийтийн аж ахуйн цэвэрлэгээ, хог тээврийн зардал багтдаг байна.
     
  • Хоёр их наяд төгрөгийг бүтээн байгуулалтад зарцуулах бол улсын төсөвт 263.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ.
     
  • Дүүргүүдэд 265.2 тэрбум төгрөгийг хуваарилна.
     
  • Үнэт цаас болон хүүгийн төлбөрт 408 тэрбум, дамжуулан зээлийн төлбөрт 100 тэрбум төгрөг төлнө.
     
  • Туулын хурдны зам төсөлд 2026 онд бүтээн байгуулалтын хоёр их наяд төгрөгөөс 800 тэрбумыг зарцуулна. 2027 онд нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.
     
  • Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт сургууль, цэцэрлэг шинээр барих, худалдаж авахад төсвийн хөрөнгийн дийлэнхийг зарцуулна. Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд, Алтай хотхон, Голден парк, Техник импорт, Нарны хороолол, Баянзүрх дүүргийн 36, 26 дугаар хороо, Ривер гарден орчмын сургууль, цэцэрлэгийн барилгыг барьж дуусгах, шинээр барих, өргөтгөх ажлыг гүйцэтгэнэ.
     
  • Ирэх онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр тендерийн материалыг хүний оролцоогүйгээр дүгнэж, шийдвэр гаргадаг хиймэл оюун ухаан бүхий серверийг худалдаж авна.
     
  • Агаар орчны бохирдлыг бууруулахад 200 тэрбум, газар чөлөөлөлтөд 200 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Дамбадаржаа, Таван буудал, Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 5 дугаар хороо, Баянзүрх дүүргийн Цайз, Шархад, Эрдэнэтолгой орчимд газар чөлөөлж, орон сууц барина.
     
  • Тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтад 2026 онд 200 тэрбум, 2027 онд тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргахаар баталжээ.