Уншиж байна ...

Супер хиймэл оюун ухаан хүмүүсийг “цөөрмийн загас” болгох ирээдүйтэйг Японы тэрбумтан хэлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Японы Softbank компанийн гүйцэтгэх захирал, хиймэл оюуны технологийн томоохон хөрөнгө оруулагч Масаёоши Сон өчигдөр Сөүл хотноо Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюнтэй уулзжээ.

Softbank бол хиймэл оюуны салбарын томоохон тоглогч болох ChatGPT платформыг хөгжүүлэгч OpenAI компанийн гол хөрөнгө оруулагч юм.

Уулзалтын үеэр Сон хиймэл оюуны технологийн ирээдүйн талаар үзэл бодлоо И Жэ Мюнд тайлбарлан ярьжээ.

“Хүний тархи болон цөөрөмд хөвж буй алтан загасны тархины хоорондын ялгаа 10,000 дахин их юм. Ирээдүйд хиймэл оюун өнөөдрийн хүн шиг, харин хүмүүс алтан загас шиг болно. Тэд биднээс 10,000 дахин их ухаантай болно” гэж Сон хэлсэн байна.

Өөрөөр хэлбэл тэр супер хиймэл оюун ухаан (ASI- Artificial Super Intelligence) болон хүн төрөлхтний чадварын харьцааг хүмүүс болон тэдний тэжээвэр амьтны харьцаатай зүйрлэжээ.

“Бид тэднийг аз жаргалтай байлгахыг хичээж, тэдэнтэй энх тайвнаар зэрэгцэн орших болно. Бидэнд тэднийг идэх хэрэг байхгүй. ASI-д бас уургийн хэрэгцээ байхгүй. Тэд биднийг идэхгүй тул санаа зоволтгүй” гэж Сон цааш нь хошигнон ярьсан байна.

И Жэ Мюн энэ үеэр инээгээд “одоо бага зэрэг санаа зовж эхэлж байна” хэмээн хариулжээ.

Тэрбээр ASI ирээдүйд Нобелийн утга зохиолын шагнал хүртэх боломжтой эсэхийг Соноос асуусан байна. Энэ шагналыг өнгөрсөн онд Өмнөд Солонгосын зохиолч Хан Кан хүртсэн юм.

И Жэ Мюн “Үүнийг би хүсүүштэй зүйл гэж бодохгүй байна” гэж хэлсэн ч Сон “Тийм зүйл болно гэж би бодож байна” гэж хариулжээ.

Энэ онд ерөнхийлөгчөөр сонгогдсон И Жэ Мюн улс орноо хиймэл оюуны салбарын тэргүүлэгч гүрнүүдийн нэг болгохоо амлаж, их хэмжээний хөрөнгө оруулалт төлөвлөөд байгаа юм.

 

Эх сурвалж: AFP