Баасан гарагийн өглөө Украины дронууд Чеченийн нийслэл Грозный хотын төвд оршдог олон давхар шилэн цамхагт хохирол учруулсныг эх сурвалжууд мэдээлжээ.
Энэ нь тус Бүгд Найрамдах Улсын тэргүүн Рамзан Кадыровын гэрт халдлага хамгийн ойр хүрсэн тохиолдол юм байна.
Телеграм сүлжээнд нийтлэгдсэн гэрэл зургуудаас 28 давхар Грозный Хотын Бизнес Төвийн барилгын хэд хэдэн давхрын цонх хагарч, шатсан нь харагдаж байгаа юм.
Энэ барилга нь Чеченийн дайны дараах тус бүс нутгийн хөгжлийн бэлгэдэл болсон хэдэн өндөр цамхгийн нэг бөгөөд Чеченийн үндэсний аюулгүй байдлын зөвлөл, аялал жуулчлал, шашны хэрэг эрхлэх газар зэрэг хэд хэдэн төрийн байгууллагууд байрладаг байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр уг цамхаг Кадыровын гэрээс 830 метрийн зайд оршдог ажээ.
Баасан гарагийн өглөө ОХУ-ын иргэний нислэгийг удирдах газар Грозный хот болон бүс нутгийн олон хотуудын нисэх буудлуудын үйл ажиллагааг түр зогсоосон байна.
ОХУ-ын батлан хамгаалах яам Баасан гарагийн шөнө Украины дроны халдлагад өртсөн бүс нутгуудын нэрсийг зарлахдаа Чеченийг оруулаагүй бол Грозныйн эрх баригчид энэ талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.
Хэрвээ энэ үйл явдал Украины цохилт болох нь батлагдвал сүүлийн нэг долоо хоног гаруй хугацаанд Чеченийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гурав дахь дроны халдлага болж байгаа юм.
Арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Грозный дахь цэргийн байгууламж, өнгөрсөн Мягмар гарагт Холбооны Аюулаас Хамгаалах Албаны (ФСБ) байр нисгэгчгүй онгоцны халдлагад өртөж байжээ.
Баасан гарагийн шөнө Крымийн хойг болон өөр бусад таван бүс нутагт нийт 41 дроныг устгаснаа ОХУ-ын батлан хамгаалах яам зарласан юм.
Үүний улмаас Краснодар мужийн газрын тос, түлш шатахууны экспортын гол боомт Темрюк хотод гал гарсан бол Самара мужийн Сызрань хот дахь Роснефтийн газрын тос боловсруулах үйлдвэрт дэлбэрэлт болсныг гэрчүүд мэдээлж байна.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!