Талибаны дэглэм дор эрэгтэй хүний хувцастай хичээллэж байсан Афганистаны дугуйчин Азийн Наадмаас мөнгөн медаль зүүв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Спортын замналаа эхлүүлэхдээ Талибаны дэглэмээс нуугдахын тулд эрэгтэй хүний дүр хувирдаг байсан Афганистаны дугуйчин бүсгүй Азийн Наадмаас мөнгөн медаль зүүжээ.

Фариба Хашими 2021 онд Афганистаны засгийн эрхийг Талибанчууд авсны дараа эх орноосоо дүрвэсэн юм.

Тэрбээр Афганистанд байхдаа бэлтгэл хийхийн тулд эрэгтэй хүний хувцас өмсөж, эрэгтэй хүний дүрд хувирдаг байснаа хожим ярьж байв.

23 настай Хашими өнгөрсөн Ням гарагт эмэгтэй дугуйн “individual time trial” төрөлд долдугаар байр эзэлсэн бол Мягмар гарагт засмал замын уралдаанд дэд байр эзэлж, мөнгөн медаль зүүжээ.

Авсан медалиараа Афганистаны эрх нь зөрчигдсөн охид бүсгүйчүүдэд “урам зориг өгнө” гэж найдаж байгаагаа тэр илэрхийлсэн байна.

“Би хүсэл мөрөөдөлтэй эмэгтэйчүүд халдлагад өртдөг улсад төрсөн ч үүний эсрэг тэмцэж чадсандаа үнэхээр баяртай байна. Дараа дараагийн үеийнхэн маань энд ирж, ямар ч айдасгүйгээр эх орноо төлөөлнө гэдэгт найдаж байна” гэж Хашими ярьжээ.

Төрөлх Фаряб мужид нь эмэгтэйчүүд спортоор хичээллэх аюултай байдаг ч тэр 15 настайдаа эгчээ даган дугуйгаар хичээллэх болсон гэнэ.

Түүний эгч Юлдүз бас дугуйн спортын тамирчин ажээ.

“Хүмүүс намайг таньж, халдахаас сэргийлэхийн тулд би бэлтгэлд явахдаа үргэлж эрэгтэй хүний хувцас өмсөж, хоёр, гурван давхар нүүрний халхавч зүүдэг байсан” гэж Хашими эх орноосоо дүрвэсний дараа хэвлэлд ярьж байсан юм.

Тэр бас дугуйтай явж байхдаа өөдөөс нь шидсэн чулуунаас бултах шаардлагатай болдог байснаа дурсаж байв.

Одоо тэр Италийн дэлхийн аварга Алессандра Капеллоттогийн тусламжтайгаар Италид амьдарч, бэлтгэлээ хангадаг болжээ.

Хашими болон түүний эгч Юлдүз нар 2024 оны Парисын Зуны Олимпын наадамд оролцсон бөгөөд одоо 2028 оны Лос-Анжелесын наадамд оролцохыг зорьж байгаа юм байна.

 

Эх сурвалж: BBC