Н.Учрал: Ардчилсан намынхан намайг огцруулах бичгээ өргөн барьчих л даа. Санал хураалтаар асуудлаа шийдье
УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох асуудлыг хэлэлцсэн.
Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал сөрөг хүчний тавьж буй итгэл үзүүлэх асуудлын талаар байр сууриа илэрхийллээ. УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс “Ерөнхий сайд Н.Учрал итгэл үзүүлэх асуудлаа УИХ-д оруулж ир” хэмээн шаардлага тавьж буй.
УИХ-ын гишүүн Н.Жаргалан: 10 их наяд төгрөгөөр тэлсэн төсөв оруулж ирчхээд би ард түмнээ бодлоо гээд байж болохгүй. Өмнө нь 10 их наяд төгрөгийн төлөвлөгөө гэж ярьсаар байгаад эдийн засгаа алчихсан хүн тэнд сууж байна.
Ардчилсан намын улс төрийн зөвлөлөөс "Ерөнхий сайд Н.Учрал төсөв болон бусад бодлогын асуудлаар өөртөө итгэл үзүүлэх тухай асуудлыг УИХ-д оруулж ир" гэсэн шаардлага хэрэгжүүлж ажиллах чиглэлийн Ардчилсан намын бүлэгт өгсөн. Ерөнхий сайд Н.Учрал хэзээ энэ асуудлаа УИХ-д оруулж ирэх гэж байна вэ. Олонхын бүлэг танд итгэж байгаа юм уу?
Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн өмчит компаниудын засаглалын хууль, таны санаачилсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлэх гээд явж байна. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн өмчит компаниудын цэвэр ашгийн багадаа 30 хувийг төсөвт төвлөрүүлэх хуультай болсон.
Энэ хуулийн хүрээнд төрийн өмчит компаниудын ногдол ашгийн 30 хувийг бидний баталсан нийгмийн даатгалын болон татварын хуулийг хэрэгжүүлэхэд зарцуулъя гэсэн. Оюутолгойн ногдол ашиг гурван их наяд төгрөг. Ийм учраас төсөв том харагдаж байгаа. Хэрэв төрийн өмчит компанийн ашгийг төсөвт аваад цалин, тэтгэвэр тэтгэмжид нэмэр болохгүй гэвэл бас болно.
Тэтгэвэр, тэтгэмж шийдье төсвөө баталъя гэхээр Ардчилсан намынхан намайг итгэл үзүүлэх тогтоолоо оруулж ир гээд шаардлага тавиад байгаа юм байна л даа. Би нэг юм дээр гайхаад байгаа. Итгэл үзүүлэх тогтоол оруулж ирэх асуудал чинь Ерөнхий сайдад олгогдсон эрх. Би өөртөө итгэлтэй байгаа.
Би өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлыг иргэд ахуй амьдралыг ярьж байх үеэр чуулганд оруулж ирээд хэлэлцүүлээд суух нь зохимжтой юу.
Та нарт бүрэн эрх байгаа. Сөрөг хүчин намайг огцруулъя гээд хэдэн сарын өмнөөс ярьсан. Тэр огцруулах бичгээ өргөн барьчих л даа. Би өөрийнхөө барьсан төсөвтөө итгэлтэй байгаа. Би тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Би эдийн засгийг эрүүлжүүлнэ, хоёр тулгууртай болгоно гэдэгтээ ч итгэлтэй байна.
Эрх баригч намын даргын хувиар намын гишүүддээ ч итгэж байна. Намайг итгэл үзүүлэх асуудлаа оруулж ир гэдэг чинь ямар логик вэ. Учрал аа, чиний ажил таалагдахгүй байна гэвэл Ардчилсан намынхан гарын үсгээ цуглуулаад намайг огцруулах бичгээ өргөн барьчих л даа. Би өөр юу хүсэж байгаа юм. Огцруулах бичгээ бариад өргөн бариад санал хураалтаар асуудлаа шийдье.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

