Дани улстай байгуулсан шинэ гэрээний хүрээнд АНУ-ын хоёр шинэ цэргийн бааз Гринланд арал дээр байгуулагдахаар болов

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мягмар гарагт АНУ, Дани улсуудын эрх баригчид болон Гринландын өөртөө засах арлын захиргаа Умард туйлын энэ газар нутагт цэргийн хоёр бааз шинээр байгуулах эрхийг Вашингтонд өгөх гэрээнд гарын үсэг зуржээ.

Үүнээс гадна тус гэрээгээр Гринланд арал нь Дани улсын харьяа нутаг дэвсгэр болохыг дахин баталгаажуулсан байна.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Нью-Йорк хотноо эхэлсэн НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр болжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Бид тохиромжтой байршлуудад цэргийн томоохон хүч байрлуулах үйл явцыг нэн даруй эхлүүлэх болно” гэж энэ үеэр мэдэгдсэн байна.

Данийн ерөнхий сайд Метте Фредериксен уг гэрээг АНУ, Дани, Гринланд төдийгүй Европ болон НАТО-гийн хувьд ч ашигтай гэж тодорхойлсон бол Гринландын ерөнхий сайд Йенс Фредерик Нилсен үүнийг “бүх талдаа ашигтай шийдвэр” гэж дүгнэжээ.

Ийнхүү гэрээ байгуулагдсанаар жилийн турш Гринландыг тойрон үргэлжилсэн хурцадмал байдал эцэс болж байна.

Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлсний дараа стратегийн чухал байрлалтай, ашигт малтмалын арвин нөөцтэй тус арлыг АНУ-ын бүрэлдэхүүнд хүчээр нэгтгэх санааг хүртэл дэвшүүлж байсан юм.

Түүний энэ санаа Гринланд, Дани болон Европын удирдагчдын эсэргүүцэлтэй тулгарч байв.

Шинэ гэрээ нь 1951 онд Дани, АНУ-ын хооронд байгуулагдсан батлан хамгаалах салбарын гэрээг өөрчилж байгаа юм.

Уг шинэчилсэн гэрээгээр Гринланд арлын өмнөд болон зүүн хэсэгт байрладаг Нарсарсуак, Местерсвиг гэсэн газруудад нэмэлт “батлан хамгаалах бүс” байгуулахаар тусгажээ.

Нарсарсуак бол өмнө нь иргэний нисэх онгоцны буудал, дэлхийн хоёрдугаар дайны үеийн цэргийн бааз байсан газар юм.

АНУ-ын армийнхны баталснаар энэ газар гүн усны боомттой холбогдох боломжтой бөгөөд цэргийн инженерүүд нь саяхан тэндхийн нислэгийн зурваст үзлэг шалгалт явуулжээ.

Харин Местерсвиг нь алслагдсан, дэд бүтэц сул хөгжсөн газар бөгөөд одоогоор Дани улсын тэнгисийн цэргийн хүчний нохой чарганы анги ашигладаг юм байна.

АНУ одоогоор Гринланд арлын баруун хойд хэсэгт Питуффик Агаарын Бааз ажиллуулдаг бөгөөд шинэ гэрээнд тус баазыг шинэчлэх, орчин үеийн жишигт хүргэх нөхцөл тусгагджээ.

Гэрээнд бас НАТО-гийн гишүүн бус улс орнууд Гринланд арал дээр жолоочтой болон жолоочгүй ямар ч зэвсэг техник нэвтрүүлэх, цэргийн хүч байршуулахыг хориглосон байна.

Хэдийгээр Гринландыг өөртөө нэгтгэх тухай Трампын анхны санаа энэхүү шинэ гэрээгээр биелэх боломжгүй ч хуучин гэрээний цар хүрээг өргөтгөж, цэргийн баазаа нэмэгдүүлэхээр болж байгаа юм.

Гэхдээ шинэ гэрээг Дани болон Гринландын парламент тус тусдаа баталснаар хүчин төгөлдөр болно.

Гринланд арлыг Орос, Хятад зэрэг өрсөлдөгч улсуудад алдахаас Трамп болгоомжилж байгаагаа олон удаа илэрхийлж, АНУ-д хүчээр нэгтгэх, эсвэл худалдаж авах санааныхаа үндэслэл болгож байсан.

Мөн ирээдүйд байгуулах АНУ-ыг агаарын довтолгооноос хамгаалах “Golden Dome” системийнхээ чухал хэсэг гэж тайлбарлаж байв.

Гэхдээ шинэ гэрээнд энэ талаар огт дурдаагүй байна.

 

Эх сурвалж: BBC