Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг
Ирэх Бямба гарагт нийслэл хотын төв талбай дээр иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгөх юм байна.
Энэ тухай Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Н.Наранбаатар "Автомашингүй өдөр нь нийслэлд амьдарч байгаа бүх насныханд зориулсан нийгэм, соёлын цогц арга хэмжээ юм.
Эрүүл мэнд хүний хөдөлгөөнөөс эхэлдэг. Зөвхөн өөрөө алхаад зогсохгүй гэр бүл, найз нөхөдтэйгөө энэ өдрийг алхаж өнгөрүүлэх боломжтой. ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг.
Хоёрдугаарт төв талбай дээр болох арга хэмжээнд нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн үндэсний төвүүдийн эмч, мэргэжилтнүүд оролцож иргэнд тулгарч байгаа асуудлаар нарийн мэргэжлийн зөвлөгөө өгнө.
Гуравдугаарт Нийслэлийн соёл урлагийн газар, биеийн тамирын газраас оролцож иргэдэд зориулсан бүтэн өдрийг арга хэмжээнүүдийг зохион байгуулна.
Өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулж, чанартай цаг гаргахыг уриалж байна.
Эрүүл сайхан хотдоо аз жаргалтай амьдарцгаая" хэмээв.
Ирэх Бямба гарагт 07:00-18:00 цагийн хооронд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл Өгөөжийн уулзвараас Сөүлийн гудамж, Цэцэг төвөөс Цаг уурын уулзвар, Цаг уурын уулзвараас Төрийн ордон, Чингис хааны музей, МУИС, ШУТИС, МУБИС-ийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэл автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, иргэдийг алхах, гүйх нөхцөлөөр хангах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
