Италийн цагдаа нар мафийн эсрэг ажиллагааны үеэр орон сууцны хана, шал, тавилгад нуусан $3.6 саяыг илрүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагийн үүрээр Неаполь хотын нэг орон сууцны барилгад явуулсан гэнэтийн шалгалтын үеэр цагдаа нар хана, шал, тавилга дотор нуусан 3.2 сая евротой ($3.6 сая) тэнцэх бэлэн мөнгө илрүүлж, 34 хүнийг баривчилжээ.

Орон нутгийн карабинери (цэрэгжсэн цагдаагийн алба) хүчнээс өгсөн мэдээллээр бол мафитай тэмцэх албаныхан 50 еврогийн дэвсгэртээр багцалсан ийм хэмжээний бэлэн мөнгийг ажиллагааны үеэр илрүүлсэн юм байна.

Гялгар уутанд ороож, шал болон ханын плитаны доор, хувцасны шүүгээний нууц тасалгаанд хадгалсан энэ мөнгийг цагдаа нар хувингаар зөөж, хуягласан автомашинд ачсан гэнэ.

Мөн 11 ширхэг Rolex брэндийн бугуйн цаг, зэвсэг, хар тамхи борлуулахад ашигладаг хэрэгслүүдийг илрүүлжээ.

зураг
 

Неаполийн мафитай тэмцэх албаны прокурор Никола Граттеригийн удирдлага дор олон сар үргэлжилсэн мөрдлөг шалгалтын үр дүнд эдгээрийг илрүүлсэн юм байна.

Эрх баригчид мөрдлөгийн явцад шоронд хоригдож буй мафийн гишүүдийн утасны яриаг чагнаж байсныг хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.

“Зөвхөн ганц айлын орон сууцнаас 3.2 сая еврогийн бэлэн мөнгө, үнэт эдлэлүүдийг илрүүлсэн нь энэхүү ажиллагааны ач холбогдлыг харуулж байна” гэж прокурор Граттери хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Баривчлагдсан хүмүүс нь өнгөрсөн онд Неаполь хотын Кайвано дүүрэгт ноёрхлоо тогтоосны улмаас орон нутгийн засаг захиргааг шүүхийн хяналтад авахад хүргэж байсан “Анжелино” бүлгийн гишүүд байж болзошгүйг тэр нэмж мэдээлжээ.

Хураагдсан мөнгийг Италийн зохион байгуулалттай гэмт хэргийн хохирогчдыг дэмжих “Шударга Ёсны Сан”-д шилжүүлэх юм байна.

Гэвч сүүлийн үед мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд зарцуулдаг төсвөө засгийн газраар тануулах болсон Граттери энэ мөнгөний тодорхой хэсгийг утасны яриа чагнах ажиллагааны зардалд хуваарилах хэрэгтэйг хошигнон ярьжээ.

“Сайд мөнгө хэмнэхийн тулд утасны яриа чагнах ажиллагааны зардлыг танадаг. Гэтэл өнөөдөр бид Неаполь хотын бүтэн жилийн ийм үйл ажиллагаанд хүрэлцэх хэмжээний мөнгийг ганцхан өдрийн дотор илрүүлснээ Шударга Ёсны Санд шилжүүлж байна. Бидэнд хэд хэдэн ийм ажиллагаа явуулах шаардлага бий” гэж тэр сэтгүүлчдэд хэлсэн байна.

 

Эх сурвалж: CNN