2020 оны гуравдугаар сард Нэтфликс компани “White Horse” нэртэй уран зөгнөлт цуврал бүтээлгэх зорилгоор нэгэн студид $11 саяыг шилжүүлсэн байна.
Гэвч 12 ангитай энэ төсөл огт хэрэгжээгүй бөгөөд найруулагч Карл Ринш уг мөнгийг хувьдаа завшсан нь тодорхой болсон юм.
Өчигдөр болсон шүүх хурлын үеэр Холбооны Мөрдөх Товчоо найруулагч луйвардсан мөнгөө юу юунд зарцуулсныг танилцуулжээ.
Ринш цувралыг бүтээхэд зориулсан мөнгөнөөс $9.14 саяыг хувийн дансаараа дамжуулан төрөл бүрийн тансаг эд зүйлс, хэрэглээнд зарцуулсан нь тогтоогдсон байна.
Тухайлбал тэр 2022 онд зургаан сарын хугацаанд Postmates, Uber Eats үйлчилгээнүүдээр нийтдээ 480 гаруй удаа хүргэлтийн хоол захиалжээ.
Заримдаа Ринш өдөрт арав гаруй төрлийн хоол захиалж байсныг нотлох баримт харуулсан байна.
Риншийн зарцуулалтын хамгийн том дүнтэй хэсэг тавилга байжээ. Тэрбээр үүнд $3.36 саяыг зарцуулсан байна.
Үүнээс гадна $2.4 саяыг Феррари, Роллс Ройс зэрэг тансаг ангиллын автомашинуудад зарцуулжээ.
Мөн зочид буудлууд, үнэт эдлэлүүд, урлагийн бүтээлд их хэмжээний мөнгө зарцуулсныг мөрдлөгийн явцад тогтоосон байна.
Карл Ринш өмнө нь Холливүүдийн од Кеану Ривзийн гол дүр бүтээсэн “47 Ronin” киног найруулж байсан хүн юм.
Тэр бас Kraken арилжааны төвийн дансаараа дамжуулан их хэмжээний мөнгийг криптовалют худалдаж авахад зарцуулсан нь тогтоогджээ.
48 настай Ринш өчигдөр Манхэттэн дэх холбооны шүүхийн байранд болсон хуралд биечлэн оролцсон байна.
Тэрбээр луйвар, мөнгө угаалт, хууль бус гүйлгээ зэрэг хэргээр нийтдээ 90 хүртэл жилийн хорих ял сонсож магадгүй болжээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!