Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Соёлын нээлттэй өдөрлөг өнөөдөр тус улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам (ЭСЯ)-д боллоо.
Энэ үеэр өнгөрсөн есдүгээр сард Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв (МХУБТ) болон Монгол, Хятадын "Найрамдал" сургуулиас гаргасан "Өнгөөр Урласан Нөхөрлөл" үзэсгэлэнд тавигдсан бүтээлийг ирсэн зочдод сонирхуулсан юм.
Мөн ЭСЯ-аас "Тэнгэр" телевизтэй хамтран "Хятадтай холбоотой миний түүх" цахим видео бичлэгийн уралдаан зарлажээ.
"My Story With China" цахим бичлэгийн уралдаанд 100 гаруй бүтээл ирүүлснээс хамгийн олон санал авсан есөн бүтээлийг нь тусгай байр эзлүүлж, шагналаа. Тодруулбал олон нийтээс хамгийн олон санал авсан нэг бүтээлийн эзэнд Хятад улсад аялах эрхийн бичгээр шагнасан юм.
Энэ үеэр БНХАУ-аас Монголд суугаа Элчин сайд Шэнь Миньжуан "Бид энэ уралдааны үеэр нийт 100 гаруй бүтээл хүлээн авлаа. Хятад Улстай холбоотой маш олон түүхтэй танилцсан.
Өнгөрсөн сард би Хятадын буцалтгүй тусламжаар баригдсан Монголын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвөөр дахин зочиллоо. Энэхүү төв нь Монголын хамгийн том, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв бөгөөд маш олон хүүхдүүд, гэр бүлд итгэл найдвар бэлэглэж байна.
Мөн манай улсын дэмжлэгээр олон сургууль, эмнэлэг баригдаж буй. Саяхан бид Ногоон нуур - 1008 айлын гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны төслийг хүлээлгэн өгсөн" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!