Уншиж байна ...

Т.Болорчулуун: Шинэ цэвэрлэх байгууламж баригдаж дууссан. Тоног төхөөрөмжийг угсрах ажил 70%-тай байна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин төв цэвэрлэх байгууламжийн хаяанд шинийг барих бүтээн байгуулалтын ажил одоогоос таван жилийн өмнө буюу 2019 онд эхэлж байв. Төслийн ТЭЗҮ-ийг 2015 онд Францын “Артеллиа энд транспорт” компани боловсруулсан байдаг.

Барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “Чайна Тисижу сивил инженеринг групп” ХХК, “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-уудын консорциум гүйцэтгэжээ.

“Ус дахин дахин боловсруулах үйлдвэр” баригдах бөгөөд цэвэрлэгдсэн уснаас хоногт 50,000 куб.метр усыг авч дахин цэвэршүүлэн ДЦС-3, ДЦС-4-ийн хөргөлтийн системд ашиглахаар тооцоолсон байна.

Өнөөдрийн байдлаар цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын явц ямар шатанд хүрснийг "Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих" төслийн удирдагч Т.Болорчулуунаас тодрууллаа.

-Шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил дуусаж байгаа юу. Хэзээ ашиглалтад орох бол?

-Шинэ цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 98%, тоног төхөөрөмжийн угсралт 70%, төслийн нийт хэрэгжилт 85%-тай байна. 2025 оны дөрөвдүгээр сард Улсын комисст хүлээлгэж өгнө.

Одоогийн байдлаар Барилгын норм, дүрмийн дагуу усны байгууламжуудыг усаар шахаж туршиж байна. Мөн 6.5 километр газарт Туул голд цэвэрлэсэн усаа нийлүүлэх бетон сувагчлалын ажлыг хийж дуусаж байна. Уг сувгаар Монгол Улсын MNS 4943:2015 стандарт бүхий цэвэрлэсэн усаа нийлүүлнэ.

Цэвэрлэх байгууламжийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг Австри, Герман, Швед, Япон улсаас болон дистрибьютер компаниудаас, туслах тоног төхөөрөмжүүдийг Хятадын албан ёсны үйлдвэрүүдээс татаж авч дууссан. Тоног төхөөрөмжийг тухайн үйлдвэрлэгч орнуудын мэргэжилтнүүд ирж, угсарч байгаа юм. 

Тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг эхний 1.6 жилийн хугацаанд гадаад үйлдвэрийн мэргэжилтнүүд өөрсдөө хариуцна. Үүнээс цааш хугацаанд сургалтад хамрагдсан хуучин цэвэрлэх байгууламжийн ажилтнууд засвар, үйлчилгээг хариуцна.

Улаанбаатарын шинэ цэвэрлэх байгууламж нь 17.5 га газар дээр 35 нэр төрлийн 56 барилга байгууламжтай, дөрвөн дэд бүтэцтэй. Хоногт 250,000 куб.метр усыг цэвэршүүлэх хүчин чадалтай. Усан сангийн байгууламжууд нь 9 метрийн өндөртэй, 200 метр урт, 105 метр өргөн, 53 диаметрийн радиустай.

Хуучин цэвэрлэх байгууламж хоногт 100,000 куб.метр усыг цэвэршүүлэх нормтой ч ачаалал нэмэгдэж 180,000 куб.метр болсон.

-Хамгийн их бохир ус нийлүүлдэг гэх үйлдвэрүүдэд ямар шаардлага тавих вэ?

-Хотын төв шугамд сүлжээнд нийлүүлэх бохир усны MNS 6561:2019 стандарт байдаг. Энэ стандартаас 3-5 дахин бохирдолтой ус нийлүүлж байгаа. Монгол Улсад хүнс, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс шир, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах 228 ААН, байгууллага бий. Эдгээр үйлдвэрүүдээс нийлүүлж байгаа бохирдлын хэмжээ өндөр.

Олон улсад цэвэрлэх байгууламж нь ахуйн бохир усны стандартаар усыг цэвэрлэдэг дүрэмтэй. Гэтэл манай улсын цэвэрлэх байгууламжид MNS 6561:2019 стандартыг давсан бохир ус нийлүүлэгддэг. Энэ асуудал урт хугацааны эрсдэл дагуулж байгаа. Тиймээс Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас арьс ширний болон хүнсний үйлдвэрлэлийн 71 ААН, байгууллагад урьдчилсан цэвэрлэх байгууламжаа 2025 оны тавдугаар сар гэхэд барьж, MNS 6561:2019 стандартыг хангасан усыг хотын нэгдсэн сүлжээнд нийлүүлэх шаардлагыг хүргүүлж байгаа. Шаардлагыг биелүүлэхгүй бол 2025 оны тавдугаар сарын 1-нээс тухайн үйлдвэрийн үйл ажиллагааг хаах Засгийн газрын тогтоол гарсан. Уг ажлын хэсгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Төмөрхүү ахалж байгаа юм.

Бидний зүгээс 2013 оны бохирдлын хэмжээнд технологи боловсруулсан.

-Улаанбаатарын өмхий үнэр дарагдах уу?

-Цэвэрлэх байгууламж нь үнэргүйжүүлэх буюу хүхрийг ус төрөгчөөр уусгаж, шүүгээд агаарт үнэрийг арилгах, лагаар био хий гаргаж, лагийн процессын үйлдвэрлэлийн 35%-ийн цахилгаан, дулааныг хангах сүүлийн үеийн технологитой. Ерөнхийдөө өмхий үнэргүй болно.

-Цэвэрлэх байгууламжийг барих санхүүжилт болон тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар?

- Шинэ цэвэрлэх байгууламжийн нийт санхүүжилт 262.7 сая ам.доллар. Энэ нь БНХАУ-ын Эксим-Импорт банкнаас олгогдож буй нэн хөнгөлөлттэй зээл.

2015 онд хоёр улсын Засгийн газар хоорондын нэг тэрбум ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулагдсан юм. Энэхүү хөрөнгийн эх үүсвэрээс гарч байгаа. Нэн хөнгөлөлттэй зээл нь 20 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэй. Эхний долоон жилд эргэн төлөлт хийгдэхгүй, найм дахь жилээс хоёр хувийн хүүтэй зээлээ төлж эхэлнэ. 2020 оны нэгдүгээр сарын 20-нд зээлийн хэлэлцээрийн санхүүжилтийн эрх баталгаажсан байдаг.

Ковидын үед барилгын материалын өртгийн өсөлтөөс шалтгаалсан хүндрэлүүд бий. Энэхүү хүндрэлийг яаманд уламжилсан, Засгийн газар шийдвэр гаргавал зөрүү мөнгө нь олгогдох байх гэж найдаж байна. Бүх барилга байгууламж бетон хийцлэлтэй, гадаадад үйлдвэрлэсэн арматур болон төмөр, нийтийн үйлдвэрлэдэггүй, тухайн байгууламжид тохирсон тоног төхөөрөмжийг авсан зэргээс шалтгаалж өртөг нэмэгдсэн юм.