Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил эхэллээ.
БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шинэ цэвэрлэх байгууламж барих төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсэн юм.
Шинэ цэвэрлэх байгууламж нь хуучин цэвэрлэхийн биопрудын зориулалтаар ашиглагдаж байсан 40га талбайд баригдана. Үүний 24.7га буюу 61 хувьд нь барилга байгууламжийг барих аж. Мөн шаардлагатай авто зам, явган хүний зам, ногоон байгууламжийг давхар шийдэж өгөх юм байна.
ТЭЗҮ-д тусгагдснаар хоногт 250,000м.куб бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай. Гурван үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийгдэнэ.
Лаг боловсруулан биохий гарган авах замаар эрчим хүч болон дулаан үйлдвэрлэн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангах юм.
Хаягдал лагийг усгүйжүүлэн хатаах, шатаах замаар хаягдалгүй үйлдвэр байна.
Цэвэрлэгээний процессоос ялгарах үнэрийг агааржуулалтын системээр цуглуулан биологи цэвэрлэгээний аргаар цэвэрлэнэ. Үйлдвэрийг бүхэлд нь хяналт удирдлагын ухаалаг скада системээр тоноглохоор ТЭЗҮ-д тусгажээ.
Шинэ цэвэрлэх байгууламжийг "Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консерциум" барина. Үндсэн барилга байгууламжуудыг 35.5 сарын дотор барьж дуусгахаар төлөвлөжээ.
Өнөөдөр төслийн шавыг тавьснаар барилгын ажил эхэлж байгаа юм. Шав тавих ёслолд Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, БНХАУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хайми болон засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд оролцлоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!