Уншиж байна ...

Хөх хотод суралцдаг монгол хүүхдийн биед халдсан багшийг ажлаас нь халж, сурагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суралцаж буй монгол сурагчийг зодсон талаарх мэдээлэл, зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.

Энэ асуудлын мөрөөр албаныхан хэрхэн ажиллаж буйг Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-наас тодрууллаа.

ГХЯ-наас өгсөн мэдээлэлд "Хөх хот дахь Ерөнхий консулын газар сургуулийн захиргаа болон сурагчтай холбогдон, холбогдох дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Тодруулбал сургуулийн зүгээс зөрчил үүсгэсэн багшийн гүйцэтгэлийн урамшууллыг хасаж, ажлаас нь халж, цаашид багшлах эрхийг хасуулахаар Боловсролын тэнхим рүүгээ хүсэлт хүргүүлсэн.

Сурагчийг эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд хамруулж, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлсэн. Сургуулийн захиргааны зүгээс суралцагчийн асран хамгаалагчтай удаа дараа холбогдож албан ёсоор уучлал хүссэн. Мөн холбогдох шийдвэрийг бүрэн танилцуулсан. Сурагчийн асран хамгаалагчид сургуулийн захиргааны зүгээс авсан арга хэмжээ болон шийдвэрийг ойлгож хүлээн авсан байна" гэжээ.