Уншиж байна ...

Польш улсад хадгалагдаж байсан 1915 оны хүн амын тооллогын баримтыг 9 боть болгон хэвлэж, ₮680,000-аар зарж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа билээ. 

Уг хуулийн төсөлд гэр бүл болж буй хүмүүс угийн бичиг хөтлөх, өвлүүлэх үүрэг хүлээхээр зааж өгсөн байгаа юм. Үүнтэй холбогдуулан 1915 онд Оросын түүхч, судлаач И.М.Майский Монголд судалгааны багийг ахалж ажиллаж байхдаа хийсэн хүн амын тооллогын баримт дурдагдаж эхэллээ. 

Тухайн хүн амын тооллого нь Польш улсын Краков хотын архив болон Санкт-Петербург, Москвад хадгалагдаж байсан бөгөөд 2023 онд Польшийн ерөнхийлөгчийн айлчлалын үеэр манай улсад хүлээлгэн өгч байсан.

Уг баримтыг Архивын сан хөмрөгт хүлээлгэн өгснөөр иргэд ургийн овгийн лавлагаа авах боломж бүрдэх талаар одоогийн хотын дарга Х.Нямбаатар 2023 онд Хууль зүйн сайд байх үедээ "Ургийн овгийг бичсэн тооллого 1915 оных байсан. 1923 оны тооллогыг ургийн овог бичилгүйгээр хийсэн. 1915 оны хүн амын тооллогоос халхын хошуудын угийн овгоо харах хамгийн том эх сурвалж. Ургийн овгоо зөв тодорхойлох боломжтой болно" хэмээн мэдээлэл өгч байв. 

Мөн Архивын ерөнхий газрын дарга асан С.Энхбаатар 2023 онд манай сайтад өгсөн ярилцлагадаа "Одоогийн байдлаар манай улсаас Чингис хааны музейн захирал, академич С.Чулуун баримтыг нүдээр үзэж судалгаа хийсэн. 

1915 оны хүн амын тооллогын судалгаанд өрхийн гишүүн бүрийн овог, нэр, ургийн овог (бүрэн бус), нас, хүйс, лам эсэх, гадна хошуунаас ирсэн эсэх, бичиг үсгийн мэдлэг, хүн амын нийгмийн давхаргын байдал, орлого, зарлагын мэдээлэл, намаржаа, хаваржаа, өвөлжөө, зуслангийн нүүдлийн газар, жилдээ авдаг өвс, тариалангийн хэмжээ зэргийг тэмдэглэсэн байдаг.

Бүгд Найрамдах Польш Улсаас 1915 оны тооллогын баримтыг авснаар монголчуудын ураг удмын судалгаа хийх том эх сурвалж болно. Үндэсний төв архивын сан хөмрөгт 1915 оны тооллогын баримтыг хүлээн авсны дараа архивын лавлагаа хэлбэрээр авах боломж бүрдэнэ" хэмээн мэдээлж байлаа.

"Үндэсний төв архивт албан ёсоор хүлээн аваагүй байгаа"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

1915 оны хүн амын тооллогын баримтын 7,800 хуудас материал буюу ихэнх хэсэг нь Польш улсын Краков хотын архивт байсныг 2023 онд манай улсад хүлээлгэн өгсөн. Харин үлдсэн хэсэг нь Санкт-Петербург, Москвад хадгалагддаг аж. 

Польшоос хүлээн авсан 1915 оны хүн амын тооллогын баримтыг Архивын сан хөмрөгт албан ёсоор ирвэл иргэд ургийн овгийн лавлагаа авах боломжтой.

Тиймээс Архивын ерөнхий газрын холбогдох албаны хүмүүсээс 1915 оны хүн амын тооллогоос лавлагаа авах боломж бүрдсэн эсэх талаар тодруулахад "Өнөөдрийн байдлаар Польшоос авч ирсэн 1915 оны хүн амын тооллогын баримтыг Үндэсний төв архивт албан ёсоор хүлээн аваагүй байгаа. Чингис хааны музей дээр байгаа" гэх мэдээллийг өгөв.

"Монгол улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” (1915-1916) хэмээх 9 боть нь 680 мянган төгрөгөөр зарагдаж байна

зураг
 

Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун Варшавын Их сургуулийн профессор Агата-Бария Стажинск нартай хамтран Польш улсын Ур чадварын Академи болон ШУА-ийн архивтай хамтран нэрт монголч эрдэмтэн профессор Л.В.Котвичийн архивт байсан баримтуудыг “Монгол улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” (1915-1916) хэмээх 9 боть номыг энэ оны тавдугаар сард хэвлүүлсэн байна.

Тус 9 боть нь Чингис хааны музейн нэгдүгээр давхрын дэлгүүрт 680 мянган төгрөгөөр зарагдаж байгаа аж.

зураг
 

Энэхүү 9 ботид 1915-1916 онд Халхын Сайн ноён хан, Засагт хан, Түшээт хан, Сэцэн хан аймгийн 40 гаруй хошуудын нутагт ажиллаж тухайн хошууны хүн амыг түүвэрлэн бүртгэж, эдийн засгийн хэрэглээг нарийвчлан судалж, хошууны ноёдын тухай дэлгэрэнгүй орос монгол хэлээр тайлан болгож бичсэн бөгөөд хошууны нүүдэл, сүм хийд, түүх соёлын дурсгалыг нарийвчлан судалсан үнэ цэнтэй баримт юм.

Мөн хүн амын бүртгэлээс гадна, бичиг үсгийн мэдлэг, намаржаа, хаваржаа, өвөлжөө, зуслангийн нүүдлийн газар, жилдээ авдаг өвс, тариалангийн хэмжээг тэмдэглэсэн. Нэгтгэсэн дүнгээр хошууны урьдын өр, зарлага, овоо тахилгад зарцуулсан төсөв зэргийг нарийн тооцсон тусгай хуудаснууд байжээ. Түүнчлэн өрхийн төсвийг нэгтгэсэн дүнг гаргаж айлд байгаа сав суулга, сахарын хэмжээг хүртэл нарийн судалсан аж.