Б.Тамир: УБТЗ-ын депогийн хашаанд болон Хархорин захын орчимд “Туул-1” коллекторын бохир усны шугамыг угсарч байгаа

Д.Янжиндулам, ikon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын бохир усыг төв шугам руу татан зайлуулах гол дамжуулах шугам “Туул-1” коллекторын 20 жил гацсан бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн онд эхлүүлээд буй. Өнөөдрийн байдлаар шугам угсралтын ажил 20 гаруй хувьтай үргэлжилж байгаа аж.

Энэ тухай Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны(УБЗАА) хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл "Туул-1” коллекторын бохир усны шугамыг 2007 оноос Барилгын яамны захиалгаар угсарч эхэлсэн байдаг. Тухайн шугамыг угсрах ажил сүүлийн 20 жил ашиглалтад орж чадаагүй байсныг өнгөрсөн онд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж, Ус Сувгийн Удирдах Газраар 10 дугаар сард ажлыг гүйцэтгүүлж эхэлсэн юм. 

Өнөөдрийн байдлаар коллекторын бохир усны шугамыг угсрах ажлын явц 20 гаруй хувьтай байна. Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл 30 гаруй километр урт үргэлжлэх бохир усны шугамын диаметр 1,500ф голчтой юм. Уг шугамыг угсрах ажлыг өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс үргэлжлүүлж эхэлсэн.

Уг коллектор бүрэн ашиглалтад орсноор Улиастай, Шархад, Амгалан, Дамбадаржаа, Дарь-Эх, Чингэлтэй зэрэг гэр хорооллын бохир усыг татан зайлуулах, ил задгай бохир болон хөрсний бохирдлыг бууруулах чухал ач холбогдолтой.

Шугам хоолойг угсрах ажлыг 2027 оны эхний улиралд дуусгана" гэж мэдээллээ.

Ус Сувгийн Удирдах Газрын инженер Б.Тамир "Коллекторын бохир усны шугамыг угсрах ажлыг 2025 оны аравдугаар сараас эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар гурван бригад УБТЗ-ын депогийн хашаанд хоёр бригад, Хархорин захын орчимд нэг бригад ажиллаж, зургаан километр шугам хоолойг угсрахаар төлөвлөж байна" хэмээв.

УСУГ нь 1,900 орчим инженер, техникийн ажилтантай бөгөөд 6-8 байршилд бригад ажиллахаар төлөвлөжээ.

Бохир усны Туул-1 коллекторын байгууламжийг угсрахад нийслэлийн бондын хөрөнгөөс нийт 59 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд энэ онд 22 тэрбумыг баталсан байна.