Асахифүжи Б.Очирсайханы дараалсан ялалтын тоо 25 хүрээд зогсов
Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн ид үргэлжилж буй.
Өчигдөр макүшита зиндаанд унаагүй тэргүүлж явсан Набатамэ болон Асахифүжи Б.Очирсайхан нар хоорондоо таарсан юм. Энэ барилдаанд Набатамэ ялснаар таван даваатай тэмцээнийг үргэлжлүүлж байгаа бол Асахифүжи мэргэжлийн сүмод анхны ялагдлаа хүлээв.
Энэ оны нэгдүгээр сараас хойш мэргэжлийн сүмод хүч үзэх буй Асахифүжи Б.Очирсайхан түүнээс хойш 25 дараалан ялаад байсан юм. Дээрх хугацаанд доод гурван зиндаанд дараалан түрүүлж, энэ сараас макүшитагийн зүүний 11-ээс барилдаж байна.
Макүшитад эхний дөрвөн өдөр дараалан ялж, качигоши хийсэн ч өчигдөр унаснаар ялалтын цуврал нь зогсов. Хэрвээ аваргын төлөөх нэмэлт барилдааныг тооцвол 28-д хүрсэн юм.
Монгол сүмочдоос Токитенкү нэрээр барилдаж байсан А.Хүчитбаатар 22 дараалан ялснаар зургаадугаарт, Хокүсэйхо А.Даваанинж 21 дараалж ялснаар долдугаарт жагсдаг аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
