"50 хүн усанд осолдож амиа алдлаа. Жилийн жилд уламжлал болсон юм шиг осолтойг нь мэдсээр байж хариуцлагагүй хандах уу"
Усны ослыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо 22 хувиар өссөн байна.
Тодруулбал
- 2025 оны мөн үед 65 осол
- энэ жил 84 тохиолдол гарсан бөгөөд амь насаа алдсан хүний тоо 12 хувиар өссөнийг Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр хэллээ.
Тэрбээр дараах сэрэмжлүүлэг мэдээллийг өглөө.
Усны ослын талаар "Улсын хэмжээнд сүүлийн таван жилд усны ослын улмаас 464 хүн (үүнээс хүүхэд 105) амь насаа алдсан байна.
Шалтгаан нөхцөлөөр авч үзвэл
- гол усанд сэлж байгаад 31 хувь,
- автомашин, техниктэй зорчиж яваад 15 хувь,
- хүүхдээ хараа хяналтгүй орхисны улмаас осолдсон 11 хувь,
- архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолдсон 11 хувь,
- Хийлдэг гудас завинаас унаж гурван хувь нь осолдсон байна.
2026 он гарсаар долоодугаар сарын 20-ны байдлаар усны ослын 84 тохиолдол бүртгэгдэж, 50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид нийт 139 хүний амь насыг авран хамгаалж тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Усны ослыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо 22 хувиар өссөн байна. 2025 оны мөн үед 65 осол бүртгэгджээ. Энэ жил 84 тохиолдол гарлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад амь насаа алдсан хүний тоо 12 хувиар өссөн байна" гэв.
Үргэлжлүүлэн "Усны ослын тохиолдлын тоогоор нийслэлийн дараа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Дорнод, Баян-Өлгий аймгууд хамгийн өндөр үзүүлэлттэй байна.
Онцгой байдлын байгууллагын судалгаагаар улсын хэмжээнд усны осол ихээр гардаг 399 хар цэг тэмдэглэсэн бөгөөд усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлүүдийн үйл ажиллагааг 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлсэн.
Өдөрт дунджаар онцгой байдлын 200 орчим, цагдаагийн байгууллагын 20 орчим, хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын 15 орчим, бусад байгууллагын 12, нийт 250 ажилтан, алба хаагч усны ослын эрсдэл бүхий томоохон гол мөрөн, нуурын дагуу үүрэг гүйцэтгэж, сэрэмжлүүлэг хүргэж ажиллаж байна.
Иргэд сонор сэрэмж, сахилга баттай байх хэрэгтэй байна.
Жилийн жилд уламжлал болсон юм шиг осолтойг нь мэдсээр байж хариуцлагагүйн улмаас өөрсдийгөө эрсдэлд оруулж байна.
Улсын Онцгой комисс, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран ухаалаг утасны SOS системийг ашиглалтад оруулаад байна. Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой. Ямар ч насны хүн утасныхаа хажуу талын хоёр кнопоо зэрэг дараад SOS руу ороход онцгойн 101, цагдаагийн 102, түргэн тусламжийн 103 шууд гарч ирнэ. Аминдаа зарлаж мэдээлсэн ч хүмүүст хүрэхгүй байгаа тул дахин мэдээлж байна" гэдгийг Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
