Н.Номтойбаяр: Эрчим хүч, дулааны бодит бэлэн байдал улсын дунджаар 48 хувьтай байгаа
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа.
Хуралдаанаас гаргасан зарим шийдвэр болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Шадар сайд Н.Номтойбаяр дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хурлаар Ерөнхий сайдын албан даалгавар албажиж орон нутгийн бүх удирдлагад үүрэг даалгавар өгсөн.
Тодруулбал хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын талаар тодорхой үүрэг даалгаврыг орон нутгийн Засаг дарга нарт өгсөн байгаа.
Үүнтэй холбогдуулан хөдөө аж ахуйг дэмжих хэд хэдэн хууль эрх зүйн орчин болон Засгийн газрын тодорхой шийдлүүд гарсан" гэв.
Үргэлжлүүлэн "Эрчим хүчний хангамж болон дулаан хангамж хаа сайгүй учир дутагдалтай байгаа.
Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил
- дулаан болон эрчим хүчний хангалтын хүрээнд 50 хувь,
- ашиглалтад орохоор бэлтгэл ажлаа хангаж байгаа 40 гаруй хувьтай байна.
Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэсэн. Эрчим хүч, дулааны бодит бэлэн байдал улсын дунджаар 48 хувьтай байгаа. Орон нутгийн удирдлагууд үүнийг онцгой анхаарах хэрэгтэй байна.
Нүүрсний таталт болон нүүрс ханган нийлүүлэх уурхайн үйл ажиллагаатай холбоотой тодорхой үүрэг даалгаврыг өгсөн. Мөн орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар үүрэг даалгаврыг өгсөн" гэлээ.
Мөн "Бензин түлшний ханган нийлүүлэлт болон хадгалалт, нөөцлөхтэй холбоотой хэд хэдэн шийдвэрийг өмнөх Засгийн газрын хуралдаанаас гаргасан байдаг.
Миний бие УОК-ын даргын хувиар Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилт газар дээрээ хэрхэн ажил хэрэг болж байгааг шалгах үүргийг хүлээж авсан.
Өнөөдрөөс төлөвлөгөөгөө гаргаж, 21 аймгаар тойрч Ерөнхий сайд болон өмнөх Засгийн газрын шийдвэрүүд газар дээрээ хэрхэн ажил хэрэг болж байгааг шалгана.
Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна.
Орон нутагт найр наадам нь хэтрээд өвөлжилтийн бэлтгэл цалгарддаг учир дутагдалтай зүйлс байдаг учраас Засгийн газрыг төлөөлж өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг газар дээр нь очиж шалгахаас өөр аргагүй болж байна" хэмээн Шадар сайд Н.Номтойбаяр хэллээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
