"Монгол Улс COP17 бага хурлыг өндөр түвшинд, үр дүнтэй зохион байгуулахаар бэлтгэл ажлыг эрчимтэй хангаж байна"

Г.Мөрөн, iKon.mn
Өчигдөр 14 цаг 11 минут
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын Дарга (President-Designate) Б.Батцэцэг 2026 оны долоодугаар сарын 20-ны өдөр тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад-ыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг UNCCD COP17 бага хурал эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдэж буй хариуцлагатай цаг үед Монгол Улс бага хурлыг өндөр түвшинд, үр дүнтэй зохион байгуулахаар бэлтгэл ажлыг эрчимтэй хангаж буйг тэмдэглэлээ.

Түүнчлэн COP17-ын Дарга (President-Designate)-ын хувиар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд урьдчилан шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлыг урагшлуулахад талуудын идэвхтэй оролцоо, харилцан ойлголцол, хамтын хүчин чармайлт чухал болохыг онцолж, конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай нягт хамтран ажиллаж, хэлэлцээний үйл явцыг үр дүнтэй ахиулахын төлөө тууштай ажиллахаа нотолсон юм.

Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад COP17 бага хурлын бэлтгэл ажлыг эрчимтэй, сайн хангаж буй монголын талд талархал илэрхийлж, бэлтгэл ажлын явцад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. Тэрбээр бага хурлыг амжилттай зохион байгуулахын тулд конвенцын Нарийн бичгийн дарга нарын газраас үлдсэн хугацаанд Монгол Улсын холбогдох байгууллагуудтай идэвхтэй, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.