"Дэвшилтэт технологи, хүнс, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, үйлчилгээний салбар дахь ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө"
Засгийн газраас өнөөдөр Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал(УИХ)-д нэнэ яаралтай горимоор өргөн мэдүүлжээ.
Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал "Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан 99 хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Ингэснээр хуулиар хориглоогүй аль ч салбарт ямар ч төрлийн үйлдвэр үйлчилгээ, худалдааг өөрийн хүсэл сонирхлоор эрхлэх боломжийг иргэд, аж ахуйн нэгжүүддээ олгож байна.
Дагалдуулан өргөн мэдүүлсэн 99 хууль нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэсэн. Тухайлбал гадаадын банк байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа. Өнөөдөр хөрөнгө оруулагч нартай уулзсан. Бүгд Найрамдах Солонгос Улсын хоёр байгууллага хүсэлтээ илэрхийлсэн. Унгарын OTP банк Монголбанкны урилгаар ирэх гэж байгаа. Хууль эрхзүйн орчин сайжирснаар гадаадын банк байгуулах, үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм.
Зөвшөөрөл авах процессыг хялбаршуулж, явцын хяналтыг сайжруулна. Татвар, нийгмийн даатгалын өрөөр шалтгаалан зөвшөөрөл олгохоос татгалздаг байдлыг энэ хуулиар зогсооно.
Тусгай зөвшөөрөл таван жилээр олгодог байсныг 10 жил болгож, явцын хяналтаар дүгнэнэ. Энгийн зөвшөөрөл гурван жилээр олгож байгааг таван жилээр олгодог болно.
Бизнесийн эрх чөлөө бол компаниудын эрх ашиг биш. Ажлын байрууд, хөрөнгө оруулалт, шинэ санаа, шинэ үйлдвэр, шинэ үйлчилгээ юм" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

