П.Батнаран: Мууранд гараа самардуулаад амь нас нь эрсэдсэн тохиолдол ч байдаг. Вакциныг нь хийлгэх хэрэгтэй
Хүүхдийн осол, гэмтлийн шалтгаан нөхцөл ба урьдчилан сэргийлэлтийн талаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, дараах мэдээллийг хүргэлээ.
Урин дулаан цаг болж, сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Тухалбал:
- 2024 онд 4,610
- 2025 онд 3,483
- 2026 оны эхний таван сард 1,379 хүн нохойд хазуулсан тохиолдол бүртгэгдсэн нь энэ асуудал өндөр хэвээр байгааг харуулж байна.
Нохойд хазуулсан тохиолдлын 52-53 орчим хувийг насанд хүрэгсэд эзэлж байгаа бол 43-46 орчим хувь нь 0-18 насны хүүхдүүд, тэр дундаа 5-9 насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байгааг мэдээллээ. Харин мууранд хазуулж, маажуулсан тохиолдлын дийлэнх буюу 56-60 хувь нь 0-18 хүртэлх насны хүүхдүүд байна.
ГССҮТ-ийн эмч П.Батнаран хэлэхдээ "Нохой, муур тэжээвэр, тэжээвэр биш эсвэл вакцинтай, вакцингүй юу гэж ярина.
Мууранд гараа самардуулаад амь нас нь эрсэдсэн тохиолдол ч байдаг. Энэ нь вакцин хийлгээгүй муурнаас үүдсэн халдварын тохиолдол гэсэн үг. Дээрээс нь нохой, муурандаа галзуугийн вакцин заавал хийлгэх хэрэгтэй.
Хазуулсан, самардуулсан муур, нохойгоо вакцин хийлгэсэн үү, үгүй юу гэдгийг хамгийн түрүүнд лавлаж мэдэж байх нь зүйтэй" гэлээ.
ЗӨВЛӨМЖ:
- Нохойны хүзүү, сүүлнээс татахгүй байхыг хүүхдэд зөвлөх
- Уяатай болон эзэнгүй нохойд хүрэхгүй байх
- Гудамж, талбайд болгоомжтой явах
- Нохойтой айлд орохдоо уяатай болон хошуувчтай эсэхийг асуух
- Олон тооны нохдоос холуур явах
- Нохой дайрсан үед газарт суух, зугтаж гүйхгүйгээр биеэ хамгаалах
- Нохойтой айлууд хашааны нохдыг уях, гадуур сул тавьж явуулахгүй байх
- Гадуур нохойтой явахдаа хошуувч болон хүзүүвчтэй, хөтөлж явах
- Бага насны хүүхдийг нохойтой хамт орхихгүй байх /хэдий сургасан байсан ч санаандгүй тохиолдлоор хазах магадлалтай/
- Хоолоо идэж байгаа болон унтаж байгаа нохойг тайван байлгах талаар хүүхдэд сануулах.
ХАЗУУЛСАН ТОХИОЛДОЛД:
- Эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, вакцины тунд хамрагдах
- Хазуулсан газраас их хэмжээний цус гарсан тохиолдол шархыг цэвэр даавуу эсвэл зориулалтын боолтоор боож, яаралтай арга хэмжээ авах
- Халдвар авахгүйн тулд шархыг тогтмол цэвэрлэж, цэвэр боолтоор боох.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
