Хүүхдийг хүүхдээр нь харуулж, томчуудын хараа хяналтгүй орхихгүй байхыг ЗӨВЛӨВ

П.Сайнжаргал, IKON.MN
22 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүүхдийн осол, гэмтлийн шалтгаан нөхцөл ба урьдчилан сэргийлэлтийн талаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, дараах мэдээллийг хүргэлээ. 

ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт 2023 онд нийт 70,321 хүүхэд тусламж авсан бол

  • 2024 онд 72,036 буюу 2.4 хувиар
  • 2025 онд 73,854 өмнөх оноос 2.5 хувиар тус тус өссөн байна.

ГССҮТ-д яаралтай тусламж авч буй хүүхдүүдийг хүйсээр нь авч үзвэл, эрэгтэй хүүхдүүд давамгайлж байгаа бөгөөд нийт тохиолдлын 60 гаруй хувь нь эрэгтэй, 40 орчим хувь нь эмэгтэй хүүхэд байгааг мэдээлэв.

Өөрөөр хэлбэл 0-18 насны 10 хүүхэд тутмын зургаа нь эрэгтэй хүүхэд байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл согогийн тасгийн их эмч Б.Тамир "Амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбоотойгоор ГССҮТ-д осол гэмтлийн тоо жил болгон нэмэгддэг. 

Он гарсаар эхний таван сард 1,400 орчим хүүхэд түлэгджээ. Халуун тогооны түлэгдэлт 0-5 насны хүүхдүүдийн дунд ихсээд байгаа.

Түүнчлэн урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор хүүхдүүд ихэнхдээ гэртээ байдаг. Заримдаа эцэг, эхийн хараа хяналтгүй гэртээ үлдэх тохиолдол байдаг учраас түлэгдэлт болон ахуй ослын дуудлага ихэсдэг.

Ер нь сургууль цэцэрлэг амарснаас хойш ГССҮТ-д ачаалал нэмэгдэх хандлагатай болдог. Насанд хүрсэн хүмүүсийн хараа хяналтыг сайжруулах хэрэгтэй. Гэмтэл гэдэг нь гэнэтийн зүйл учраас эцэг, эхийн хараа хяналт хамгаас чухал" гэлээ. 

Хүүхдүүдийг том хүний хараа хяналтгүй гэрт нь орхихгүй байх хэрэгтэй. Хүүхдийг хүүхдээр нь харуулж гадаа гудамж талбайд гаргахгүй байхыг ГССҮТ-ийн эмч П.Батнаран зөвлөлөө.