Унгар, Украин улсууд үндэстний цөөнхийн асуудлаар тохиролцоонд хүрснээ зарлажээ

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Украин дахь унгар үндэстний цөөнхийн асуудлаар Киевийн эрх баригчидтай тохиролцоонд хүрснээ Унгарын ерөнхий сайд Петер Мадьяр өчигдөр зарлажээ.

Ингэснээр Украин улсыг Европын Холбоонд элсүүлэхэд тавигдаж байсан нэг шаардлага биелэх боломж нээгдэж буйг тэр энэ үеэр мэдэгдсэн байна.

“Бид унгар үндэстний цөөнхийн хэл, соёл, боловсролын эрхийн асуудлаар Украины талтай тохиролцоонд хүрсэн” гэж Парист хийж буй айлчлалынхаа үеэр Мадьяр мэдэгджээ.

Тэрбээр дөрөвдүгээр сард болсон сонгуулиар өмнөх ерөнхий сайд Виктор Орбаны засаглалыг түлхэн унагаснаар Унгарын гадаад бодлогод томоохон эргэлт авчирсан юм.

Орбаны үед Унгар улс Европын Холбооноос Украинд үзүүлэх бүх төрлийн тусламж дэмжлэгт саад учруулж, Киевийн эрх баригчдыг унгар үндэстний цөөнхийг ялгаварлан гадуурхдаг хэмээн шүүмжилдэг байв.

Мадьяр хэдийгээр Орбантай харьцуулахад Украинтай илүү найрсаг харилцаж байгаа ч Европын Холбоонд тус улсыг элсүүлэхийн тулд Киевийн эрх баригчид 100,000 гаруй унгар үндэстний эрх ашгийг хамгаалах тал дээр ахиц дэвшил гаргах шаардлагатайг удаа дараа илэрхийлж байлаа.

Мадьярын мэдээлснээр Украин улс унгар үндэстний цөөнхийн хүн амд зориулсан боловсролын тогтолцоог сэргээж, сургуулийн орчинд хүүхдүүд төрөлх хэлээ ашиглах боломжийг нээж байгаа гэнэ.

Унгар үндэстэн хүүхдүүд баяр ёслолын үеэр Унгарын туг, бэлгэдлийг ашиглаж, шалгалтаа унгар хэл дээр өгдөг болох ажээ.

Украины баруун хязгаарын Транскарпатийн бүс нутагт унгар үндэстний цөөнх оршин суудаг бөгөөд хүн амын тоогоор тус улсын гурав дахь том үндэстний бүлэгт тооцогддог юм.

 

Эх сурвалж: Reuters