О.Амгаланбаатар нарын санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхийг хойшлуулав

А.Ням-Өлзий, iKon.mn
19 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд АН-ын бүлгээс гаргасан хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлтийг санал хураалтаар шийдэв. 

О.Амгаланбаатар нарын 41 гишүүний боловсруулсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг дараалалд оруулсан байсан ч хууль санаачлагч хуулийн төслөө хэлэлцүүлэхийг хойшлуулж буйгаа мэдэгдсэн юм.

Уг хуулийн төсөлд: 

  • 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан үндэсний баяр наадмын бөхийн барилдааны цолыг нөхөж олгох,
  • Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой жил бүрийн 07 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 19-ний өдрийг дуустал бүх нийтээр амардаг болох, 
  • Гадаадад амьдарч байгаа монголчуудын дунд жил бүр зохион байгуулдаг үндэсний их баяр наадамд 64 бөх барилдсан бол сумын наадамтай адилтган үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно. 128 бөх барилдсан бол аймгийн баяр наадамтай адилтган тав давсан бөхөд аймгийн начин, зургаа давсан бөхөд аймгийн харцага, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгодог болох, 
  • Үндэсний их баяр наадмын үеэр ганцаарчилсан төрөлт эрийн гурван наадам зохион байгуулдаг болох зэрэг асуудлыг тусгасан байв. 

О.Амгаланбаатар нарын санаачилсан дээрх хуулийн төслийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хэлэлцэхийг дэмжээгүй юм. 

Ийнхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхийг хойшлуулах тухай АН-ын бүлгийн хүсэлтийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжив.