Израилийн ерөнхий сайдыг “галзуу” гэж дуудсанаа Трамп хүлээн зөвшөөрөв
Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп утсаар ярихдаа Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг “галзуу” хэмээн дуудаж, бүдүүлэг үг хэллэгээр дайрч давшилсан гэх мэдээлэл Америкийн хэвлэлүүдээр цацагдаад байгаа.
Ливанд үйлдэж буй Израилийн түрэмгийлэл Ирантай явуулж байгаа энхийн яриа хэлэлцээнд нь саад учруулсан тул Трамп ингэж бухимдсан гэлцэж байна.
Тэгвэл Лхагва гарагт Нью Йорк Пост сонинд ярилцлага өгөхдөө Трамп ийм зүйл болсныг хүлээн зөвшөөрчээ.
“Түүний Ливаны эсрэг явуулж буй байлдааны ажиллагаа миний санааг бага зэрэг зовоосон” гэж тэр хэлсэн байна.
Израилийн эрх баригчид Ливаны нийслэл Бейрут хотыг бөмбөгдөхөөр заналхийлсэн нь хоёр удирдагчийн хооронд зөрчил үүсгэсэн юм.
Ираны тал хэрвээ Бейрутийг бөмбөгдвөл Израилийн эсрэг хариу арга хэмжээ авахаа анхааруулж байв.
Трамп, Нетаньяху нар утсаар ярьсны дараа Израилийн тал Бейрутийг бөмбөгдөх төлөвлөгөөгөө хойшлуулсан юм.
Гэхдээ Израилийн арми Ливаны өмнөд хэсэгт байлдааны ажиллагаа явуулсан хэвээр байгаа.
Трамп өчигдөр ярихдаа Израилийн ерөнхий сайдыг магтсан хэвээр байлаа.
“Биби надад маш их таалагддаг” гэж Трамп түүнийг хочоор нь дотночлон хэлсэн юм.
Өчигдөр CNBC сувагт ярихдаа Нетаньяху бас Трамптай сайн харилцаатай хэвээр байгаагаа баталжээ.
Зөрчил үүссэн эсэх талаар асуултад тэр “Үгүй ээ. Тэр бол Цагаан ордонд урьд өмнө байгаагүй Израилийн хамгийн сайн найз нөхөр тул бидний харилцаа гайхалтай сайн байгаа. Бидэнд нийтлэг зорилго бий. Заримдаа ямар ч сайхан гэр бүл дотор тактикийн санал зөрөлдөөн гардаг шүү дээ. Бид тэдгээрийг шийдвэрлэх арга замыг үргэлж олдог. Бид өглөө санал зөрөлдөж болох ч үдээс хойш нэгдсэн шийдэлд хүрдэг” гэж хариулсан байна.
АНУ, Израил улсууд хоёрдугаар сарын 28-ны өдөр Ираны эсрэг байлдааны ажиллагаа эхлүүлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын дундуур хүрсэн тохиролцооны үр дүнд дайны гал түр зогсоод байгаа.
Гэхдээ Израилийн арми өнгөрсөн хугацаанд Ираны холбоотон Хезболла зэвсэгт байгууллагыг устгахын тулд хөрш Ливаны нутагт дайнаа үргэлжлүүлсээр байгаа юм.
Эх сурвалж: Aljazeera
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
