Индэр    
0 минутын өмнө
Зураг
Судлаач, шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор, Хүндэт дипломат, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн

Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Монгол Улсын II сувгийн дипломаси

Редакцын бус нийтлэл
Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

I. Солонгосын хойгийн геополитикийн шинэ нөхцөл байдал

Дэлхий дахинд тодорхойгүй нөхцөл байдал (uncertainty) нэмэгдэж, олон улсын харилцаа, геополитикийн орчин ноцтой доройтсоор (seriously deteriorating) буй, урьдчилан таамаглахын аргагүй дэлхий ертөнц (unpredictable world), буруу тооцооллоос үүдсэн эрсдэлийн (risks of miscalculations) аюул шинэ асуудал болов. Олон улсын хамтын ажиллагааны хамгийн чухаг зүйл нь олон улсын эрхзүйн зарчим, хэм хэмжээний хүрээнд дэлхийн улс орнуудын тогтвортой байдлыг хангах; Геополитикийн орон зай, цаг хугацаа, таталцлын орчинд урьдчилан таамаглаж болохуйц нөхцөл байдлыг урт удаан хугацаанд тогтвортой хадгалах явдал тулгамдсан асуудал болсоор байна. Үүнтэй нэгэн зэрэг урьдчилан таамаглах чадавхыг бэхжүүлэх (strengthen predictability) явдал чухал болсоор байна.

Зүүн хойд Азийн хаб болох Солонгосын хойгийн status quo хүйтэн дайн дууссанаас хойш шийдвэрлэгдэж чадалгүй тунаж үлдсэн цорын ганц цэг, цөмийн дайн, зэвсэгт мөргөлдөөн гарах магадлал буй. Солонгосын хойгийн хурцадмал байдал ноцтой даамжирвал Өмнөд Солонгост ажиллаж, сурч, амьдарч буй 60 гаруй мянган монгол иргэдийн аюулгүй байдлын асуудал шууд хөндөгдөнө. Өмнөд Солонгосыг Монгол Улсын 22 дахь “аймаг” хэмээн нэрлэх нь буй. Тиймээс Солонгосын хойгийн аюулгүй байдал Монгол Улсын аюулгүй байдлын нэг хэсэг болсон гэж үзэж болохоор байна.

Солонгосын хойгт 2018-2019 онд нааштай эерэг хувьсал өөрчлөлүүд, ахиц дэвшил гарсан боловч, үндсэн асуудал хэвээрээ үлдэв.

Үүнд:

  • Цөмийн хөтөлбөр хэвээр, нэг ч цөмийн бөмбөг устгагдаагүй, цөмийн заналхийлэл үргэлжилсэн хэвээр;
  • Баллистик пуужингийн хөтөлбөр өөрчлөгдөөгүй хэвээрээ үргэлжилж буй;
  • 1953 оны гал зогсоох хэлэлцээр энхийн гэрээ болж өөрчлөгдөөгүй;
  • Түүнчлэн АНУ, Өмнөд Солонгосын цэргийн сургуулилалт үргэлжилсэн хэвээр эдгээр болно.

Солонгосын нэгдэл шинэ Мянган, XXI зууны томоохон үйл явдалд тооцогдох болох боловч Германы нэгдэлтэй харьцуулшгүй юм. Тиймээс ч нэгдэх үйл явцын яриа хэлцэл XXI зууны туршид үргэлжлэх магадлалтай.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон-Ун 2021 он гараад зохион байгуулсан СХН-ын VIII их хурал дээр үг хэлэхдээ: “БНАСАУ үндэсний цөмийн хүчнээ байгуулж дууслаа” гэж онцлон мэдэгдсэн бол 2023 оны есдүгээр сард дээрхийг Үндсэн хуулиараа баталгаажуулав.

Хойд Солонгос улс 2026 оны гуравдугаар сард Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, удирдагч Ким Жон-Уны цөмийн зэвсэг хэрэглэх эрх мэдлийг анх удаа хуульчлан баталгаажуулсан тухай мэдээлэл 2026 оны тавдугаар сарын эхээр олон улсын хэвлэлүүдээр албан ёсоор гарсан байна.

Шинэчилсэн Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд “Цөмийн хүчнийг тушаан удирдах эрх мэдэл БНАСАУ-ын Төрийн хэргийн Зөвлөлийн даргад хамаарна” гэж тодорхой заажээ. Ким Жон-Ун энэхүү албан тушаалыг хашдаг тул түүнд цөмийн арсеналыг удирдах, ашиглах тушаал өгөх дээд эрхийг олгосон байна.

Мөн уг хуулиар Төрийн хэргийн Зөвлөлийн дарга нь цөмийн зэвсэг ашиглах эрх мэдлийг үндэсний цөмийн дайны удирдлагын байгууллагад шилжүүлж болохоор тусгажээ. Ким Жон-Уныг “Улсын дээд удирдагч” гэхээс илүүтэйгээр албан ёсоор “Төрийн тэргүүн” гэж Үндсэн хуульдаа тодорхойлсон нь түүний олон улсын түвшний эрх мэдлийг бататгах зорилготой гэж шинжээчид үзсэн байна.

Үндсэн хуулиас “тайван замаар эх орноо нэгтгэх” тухай заалтуудыг хасаж, Өмнөд Солонгосыг тусдаа, “дайсагнагч” улс гэж тодорхойлсон нутаг дэвсгэрийн шинэ заалтыг оруулжээ.

Өмнө нь буюу 2022 онд Хойд Солонгос цөмийн зэвсгийг урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулж байсан бол энэ удаагийн өөрчлөлт нь тус улсын хамгийн дээд хууль болох Үндсэн хуульдаа уг эрх мэдлийг Ким Жон-Уны нэр дээр шууд бэхжүүлж өгснөөрөө онцлог юм.

Өнгөрсөн тавдугаар сарын эхээр БХЯ, ЗХЖШ, БХЭШХ, ҮБХИС,хамтран зохион байгуулсан “Зүүн хойд Азийн аюулгүй байдал: Эрсдэл, шийдэл” сэдэвт ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Австрали, АНУ, Казахстаны судлаачид оролцсон олон улсын хуралд БНСУ-ын Батлан хамгаалахын дүн шинжилгээний хүрээлэнгийн Аюулгүй байдал, стратеги судлалын төвийн судлаач Нох Ин-Кию “БНСУ-ын аюулгүй байдлын орчин Ерөнхийлөгч Ли Жэ-Мёний үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” сэдэвт илтгэлдээ: “Одоо Хойд Солонгостой үндэсний нэгдлийг хэрэгжүүлэх, Солонгос хоорондын иргэдийн солилцоо, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох яриа хэлэлцээ ач холбогдлоо алдсан бөгөөд хамгийн гол асуудал “энх тайвнаар зэрэгцэн орших явдал” болж байна гэж онцлон тэмдэглэсэн юм.

2018 оны туршид үргэлжилсэн Өмнөд-Умард, Хойд Солонгос-АНУ-ын хооронд өрнөж байсан яриа хэлэлцээнүүд нь зөвхөн цаг хугацаа хожих зорилготой байсан гэж шинжээчид тэмдэглэдэг.

ОХУ-аас Украинд бүрэн хэмжээний цэрэг дайны ажиллагаа эхлүүлснээс хойш Орос-Хойд Солонгосын цэрэг, зэвсэг, технологийн салбарын хамтын ажиллагаа Солонгосын хойгийн аюулгүй байдалд геополитикийн шинэ нөхцөл байдлыг буй болгосон.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юнь Сок Ёль 2023 оны есдүгээр сард Нью-Йорк хотноо ажлаа эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлэхдээ, “Дэлхийн энх тайвныг сахиулагч хэмээн итгэмжлэгдсэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн улс өөр нэгэн тусгаар тогтносон улс руу довтлон дайн дэгдээж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг илэрхий зөрчиж буй улсаас зэвсэг, сум худалдан авах нь байж болшгүй үйлдэл мөн” гэжээ. “Хэрэв Умард Солонгосын тал Оросыг ердийн зэвсгээр дэмжсэнийхээ хариуд үй олноор хөнөөх зэвсгийн хүчин чадлаа бэхжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, технологийг олж авбал энэ хэлцэл нь Украин төдийгүй БНСУ-ын энх тайван, аюулгүй байдалд заналхийлсэн шууд өдөөн хатгалга болно” гэж тэрбээр анхааруулан дурдаад “Умард Солонгос Оросоос дэмжлэг авбал БНСУ холбоотон, түншүүдийнхээ хамтаар гар хумхин суухгүй” гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Монгол Улс бүс нутагтаа хөрш гүрнүүдтэйгээ улс төр, газар нутгийн аливаа маргаангүй, стратегийн түншлэлийн эрхзүйн үндсийг баттай тавьсан цорын ганц улс бөгөөд хамгийн сүүлд Монгол Улс 2002 онд ОХУ-тай 3,543 км урт хилийг хамтран шалгаж эцэслэн тодотгосон бол, 2001-2004 онд БНХАУ-тай хилээ хоёр дахь удаагаа хамтран шалгаж, 4,709.6 км урт хилийн шугамыг нарийвчлан тогтоож, Монгол Улсын хилийн багануудыг анх удаа боржин чулуугаар шинэчлэн босгов. Ийнхүү өнөөдөр Монгол Улсын хилийг эмжсэн 8,219 км 895 м урт хил олон улсын гэрээ, хэлэлцээрээр баталгаажсан нь тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын чухал хүчин зүйл болж байна болж байна.

Монгол Улс Орос-Хятадыг дөт замаар, Зүүн Ази, Солонгосын хойг-ЕХ-г холбох landbridge хийгээд transit улс болох боломж байна.

II. Монгол Улсын энх тайванч санал санаачилгууд: зорилго-мөн чанар

Социалист орнууд тухайн үед биелэх боломжгүй янз бүрийн «энхтайванч» санал, санаачилгыг үзэл суртал, сурталчилгааны зорилготойгоор дэвшүүлэн тавьж байсныг тэмдэглэх хэрэгтэй. 1981 оны зургаадугаар сард хуралдсан МАХН-ын XYIII их хурлаас «Ази-Номхон далайн орнуудын хооронд харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх тухай» конвенц байгуулах санал дэвшүүлсэн нь амьдралд хэрэгжих улс төр, эдийн засаг, олон улсын харилцааны бодитой нөхцөл бүрдээгүй байсны улмаас хоосон лозунгийн шинж чанартай болсон юм. Түүнд Солонгосын хойгийн өмнөд хэсгээс америкийн цэргийг шахан гаргах, 1976 оноос жил болгон хийх болсон Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан “Team spirit” хээрийн сургуулийг бүр мөсөн зогсоох асуудал тусгагдаж байв. Дээрх санал нь зөвхөн 1987 оны долоодугаар сард Улаанбаатарт болсон Ази-Номхон далайн орнуудын коммунист, ажилчны намуудын зөвлөлдөх уулзалтаар хязгаарлагдаж зохион байгуулагдаж байсан юм. Үргэлжлүүлэн МАХН-ын XIX их хурлаас Цөмийн дайны аюулыг сэрэмжлэн зайлуулахад Азийн орнуудын улс төрийн нам, парламент, үйлдвэрчин, залуучууд, эмэгтэйчүүд зэрэг олон нийтийн янз бүрийн байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэж байгааг харгалзан Азийн орнуудын өргөн олон нийтийн төлөөлөгчид оролцсон энх тайван, хамтын ажиллагааны төлөө нийт Азийн чуулга уулзалт хийх нь зүйтэй гэж үзэж байв.

ЗХУ-ын «зөвлөмжөөр» БНМАУ-ын Засгийн газар ЗХУ-д хүсэлт тавьж, тийнхүү Зөвлөлтийн хориглолтын бус, давшилтын зориулалттай цэргийн асар том бүлэглэл Монголд «түр» байрлаж байсан билээ. Монгол Улс Зөвлөлтийн цэргийн асар том давшилтын бүлэглэлийг өөрийн нутагт байрлуулж байсан атлаа Японы Окинава, Өмнөд Солонгост байрлаж байсан АНУ-ын цэргийн баазыг тэдгээр улсуудаас гаргахыг шаардаж байсан юм.

Харин 1988 оны арванхоёрдугаар сард хуралдсан МАХН-ын ТХ-ны V бүгд хурал Монгол Улсад өөрчлөн байгуулалтын эхлэлийг тавьсан гэж үздэг. Бүгд хурлаар МАХН өөрийн үйл ажиллагаанд анх удаа шүүмжлэлтэй хандав. Монгол Улсад гадаад харилцааны салбарт багагүй дутагдал оршиж байгааг анх удаа хурцаар шүүмжилж, үнэлэлт дүгнэлт хийсэн юм. Үүнд: нэгд, Улс орны дотоод амьдралын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гадаад харилцааны өргөн боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа, хоёрт, гадаад улс төр, гадаад эдийн засгийн бодлогын харилцан шүтэлцээ, цогц байдлыг зөв хослуулах, гуравт, олон улсын байдал болон гадаад харилцааны асуудалд олон түмний санаа бодлыг судалж сонсох, нарийн судалгаа, дүн шинжилгээтэй хандах явдал дутагдалтай, дөрөвт, ил тод байдал хязгаарлагдмал, голдуу тунхаглах шинжтэй явж ирсэн, тавд, захиран тушаах арга барил ч гадаад харилцааны асуудал эрхэлсэн байгууллагуудыг тойрч өнгөрөөгүйг шүүмжлээд үзэл суртал, бусад ялгааг шалтаг болгохгүйгээр энхтайвнаар зэрэгцэн орших, итгэлцэх, сайн хөрш байх үндсэн дээр өндөр хөгжилтэй Өрнөдийн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтоон хөгжүүлэх нь цаг үеийн бодит байдалд нийцсэн олон улсын харилцааны ирээдүйтэй хандлага болсныг анх удаа онцлон тэмдэглэв.

МАХН-ын ТХ-ны V Бүгд хурлын гадаад бодлоготой холбоотой шийдвэрийг үндэслэн 1989 оны дөрөвдүгээр сард БНМАУ-ын Засгийн газраас дэвшүүлсэн “Ази-Номхон далайн бүсийн хойд хэсгийн орнуудын хооронд байнга үйлчлэх яриа хэлэлцээний механизм” бий болгох санаачилгыг боловсруулахад оролцсон бөгөөд тэрхүү механизмд анх удаа БНСУ-ыг татан оролцуулах саналыг оруулсан байв.

Зөвлөлт, Хятад, улмаар Монгол, Хятадын харилцаа хэвийн болсноор зөвлөлтийн 100 мянган хүнтэй цэргийн томоохон бүлэглэл Монгол Улсаас гарах үйл явц хоёр үе шаттай хэрэгжиж, 1992 онд дууссан юм.

Хүйтэн дайны ид үед Монгол Улсын санаачилсан “Зэвсэг хураах долоо хоног” (Inauguration of Disarmament Week) тогтоолын төсөл 1978 оны аравдугаар сард, “Улс түмэн энхтайван орших эрхийн тухай” Тунхаглал (Declaration on the Right of the Peoples to Peace) 1985 оны нэгдүгээр сард тус тус НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлагдсан нь олон улсын дэмжлэг хүлээж, одоо ч ач холбогдлоо алдаагүй байгаа билээ.

Монгол Улс 2001 онд Зүүн хойд Азид энхтайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн яриа хэлэлцээний механизм байгуулах тухай санаачилгаа дахин дэвшүүлсэн юм. Мөн 2008 онд “Төв Ази, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын ирээдүй: Шинэ Хельсинк” сэдэвт олон улсын бага хурлыг зохион байгуулж байв.

III. Хоёрдугаар сувгийн дипломат ажиллагаа: мөн чанар-үзэгдэл

Олон улсын харилцаанд II сувгийн дипломат ажиллагаа буюу track II diplomacy, урьдчилан сэргийлэх дипломаси (preventivw diplomacy), энхийн зууч (peace mediation) маш чухал болсоор байгаа билээ. Хоёр болон 1.5 дугаар сувгийн дипломат ажиллагаа бол зөөлөн хүчний бодлогын салшгүй хэсэг бөгөөд ач холбогдол нь өсөн нэмэгдсээр байна.

Засгийн газрын бус шугамаар гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэх, түүнд тус дөхөм үзүүлэх үйл ажиллагааг II сувгийн дипломат ажиллагаа гэх бөгөөд ТББ-ын үйл ажиллагаа, эрдэмтдийн зөвлөлдөх уулзалт, их сургууль, think tank буюу “сэтгэх хүч” судалгааны хүрээлэнгүүд, шашин, эмэгтэйчүүд, залуучууд, бизнесийн холбоод, мэргэжлийн нийгэмлэгүүдийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой байдаг. Үйл ажиллагааны хэлбэрүүд нь эрдэм шинжилгээний бага хурал, семинар, симпозиум, хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлага, мэтгэлцээний клубүүдийн үйл ажиллагаа, техникийн хамтын ажиллагаа байж болдог.

ХБНГУ-ын Мюнхен хотноо зохиогддог Аюулгүй байдлын бага хурал, ОХУ-ын Сочи хотноо зохиогддог «Валдай» олон улсын мэтгэлцээний клубийн үйл ажиллагаа нь 1.5-р суваг болтлоо хөгжсөн бол Швейцарын Церматт тосгонд зохиогддог Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудал хэлэлцдэг дугуй ширээний уулзалт (Zermatt Roundtable, Щвейцарь, БНСУ, БНАСАУ, Монгол, ЕХ, ОХУ, БНХАУ, АНУ-ын судлаачид, Засгийн газрын төлөөлөл оролцож 1.5 дугаар сувгийг буй болгосон) зэрэг олон арга хэмжээнүүдийг нэрлэж болно. Дэлхийн эдийн засгийн форум бол 1.5 дугаар сувгийн дипломат ажиллагааны хамгийн тод жишээ мөн.

ЗХУ, АНУ тэргүүлсэн олон улсын харилцааны хоёр туйлт систем, “хүйтэн дайн”-ыг төгсгөл болгох, стратегийн давшилтын зэвсэглэлийг хязгаарлах, цөмийн зэвсгийг хорогдуулах үйлс, глобалчлалыг зөв залж жолоодох, дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийг ухаарах Гурван талын комисс, Ромын клуб, Давосын эдийн засгийн форумын үйл ажиллагаа шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд гүйцэтгэж байна. Энэ бол 2-1.5 дугаар сувгийн дипломасийн томоохон арга хэмжээнүүд юм.

IV. Улаанбаатарын яриа хэлэлцээ: ололт, сорилт

Монгол Улсын дэвшүүлсэн «Улаанбаатарын яриа хэлэлцээ» II сувгийн санаачилга бол Солонгосын хойгийн тулгамдаж буй зангилаа асуудлуудыг шийдэх арга замуудын нэг мөн болохыг тод харуулсаар байгаа юм. Солонгосын асуудлаарх Зургаан талт хэлэлцээ мухардалд орж, яриа хэлэлцээний бусад суваг хаагдсан үед энэхүү бодлогын чиг шугамыг тууштай баримталж 2013 онд дэвшүүлсэн «Улаанбаатарын яриа хэлэлцээ» санаачилгыг Монгол Улс 2014 онд эхлүүлэхэд хөтөлсөн юм.

«Улаанбаатарын яриа хэлэлцээ» олон улсын уулзалтад оролцогч улсуудын тоо нэмэгдэхийн хамт албан бус яриа хэлэлцээний түвшин 1.5 дугаар суваг болтлоо ахиж дэвшив. “Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын бага хурал 2018 онд хоёр дахь удаагаа эрдэмтэн судлаачид болон Засгийн газрын төлөөлөгчдийг хамруулан 1.5 дугаар сувгийн түвшинд зохион байгуулагдсан юм. Дурдсан уулзалтад БНАСАУ-ын тал анхнаас нь 2018 он хүртэл тасралтгүй оролцож ирсэн явдал юм.

Олон улсын уулзалтын хэлэлцэх асуудал хүрээгээ тэлж энхтайван, аюулгүй байдал төдийгүй эрчим хүч, дэд бүтэц, хүрээлэн буй орчин, гамшгийн эрсдэлийг бууруулах, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, эрүүл мэндийн салбарыг ч хамардаг болов.

2019 оны зургаадугаар сард зохиогдсон Улаанбаатарын яриа хэлэлцээг Хельсинкийн үйл явц (Helsinki Accords) шиг бүс нутгийн аюулгүй байдлын олон талт хамтын ажиллагааны байнгын механизм болгон хөгжүүлж болох тухай саналыг оролцогчдын зүгээс дэвшүүлсэн юм. Энэ санал санаачилгыг цаашид хөгжүүлэх өргөн боломж буй. Дурдсан уулзалтад Канадын Гадаад хэргийн дэд сайд оролцсон нь яриа хэлэлцээний түвшинг 1.5-р суваг болтол урагшлуулахад чухаг ач холбогдолтой байв.

КОВИД-19 цар тахлын улмаас Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” 2020-2021 онд тасалдсан ч цар тахлын дараах үр дагаврыг даван туулах, геополитикийн шинэ нөхцөл байдлын үед 2022, 2023 2024, 2025 оны зургаадугаар сард VII-Х удаагийн олон улсын бага хурлыг амжилттай зохион байгуулав. VIII удаагийн бага хурлаар “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “Зүүн хойд Ази дахь олон талт хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Азийн энх тайвны ирээдүй”, “Зүүн хойд Ази дахь цар тахлын дараах эдийн засгийн хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Ази дахь эрчим хүчний хамтын ажиллагааг дэмжих нь” гэсэн үндсэн таван салбар хуралдааны хүрээнд зохион байгуулагдаж, Зүүн хойд Азийн орнуудаас гадна АНУ, Канад, Франц, Казахстан, Филиппин, Турк, Эстони, Вьетнам зэрэг орнуудын төлөөлөгчид, дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачид оролцов. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Изүми Накамицү Монгол Улсад айлчилж, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-нд оролцсон юм. Тэрбээр хэлэхдээ, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, энх тайвны асуудлаарх Монгол Улсын санаачилгыг НҮБ дэмжиж ирснийг тодотгож, цөмийн зэвсэггүй бүс бүхий статустай оронд олон улсын энэхүү хуралдааныг хийж буйг онцоллоо. Энэ үеэр НҮБ-ын Зэвсэг хураах газартай хамтран Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг хөндөж ярилцсан юм.

11 дэх удаагийн “Улаанбаатарын яриа хэлэлцээ-2026” олон улсын бага хурал “Хиймэл оюун ба аюулгүй байдлын ирээдүй" уриан дор зохиогдох гэж байна.

Уг хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөгдөж байна.

Үүнд:

  • Хямралын менежмент болон шийдвэр гаргах үйл явц дахь хиймэл оюун ба сөрөн тэсвэрлэх байдал;
  • Кибер орчны эмзэг байдал болон хуурамч мэдээлэл;
  • Засаглал, хариуцлага ба итгэлцэл;
  • Хиймэл оюунд суурилсан системүүдтэй холбоотой хурцадмал байдлын даамжрах эрсдэлүүд;
  • Аюулгүй байдлын салбарт хиймэл оюуныг хариуцлагатайгаар ашиглах олон улсын хамтын ажиллагаа ба практик арга замууд зэрэг асуудлуудад төвлөрч байна.

Энэ удаагийн олон улсын хурлын зорилго нь хиймэл оюуныг зөвхөн цэвэр технологийн асуудал гэж үзэхээс илүүтэйгээр, улс орнууд тодорхойгүй байдлыг урьдчилан таамаглах, хамтран ажиллах, зөв залж жолоодох арга барилд уг технологи хэрхэн өөрчлөлт оруулж байгааг хэлэлцэхэд оршиж байна.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь Монгол Улсын газарзүйн байршлын онцлог, бие даасан гадаад бодлогын илэрхийлэл болсон үйл ажиллагаа гэдгийг онцолж, бүс нутгийн тулгамдсан асуудлыг хэлэлцдэг байнгын индэр болсон гэж дүгнэдэг. “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын форум бол бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлаар хөрш болон “гуравдагч хөрш” гүрнүүдийн think-tank болон бусад улс, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, харилцаагаа идэвхжүүлэх чухал II суваг мөн.

Өмнөд Солонгост Монголын 60 гаруй мянган иргэд сурч, хөдөлмөрлөж, ажиллаж байна. Гадаад улс оронд ажил эрхэлж буй иргэдийн эх орон руугаа гуйвуулдаг валютын 2024 оны нэгдсэн тайланг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага болон Дэлхийн банкны Шилжилт хөдөлгөөний газар гаргасан юм. 2024 оны арваннэгдүгээр сарын байдлаар гадаад орнуудаас Монгол руу шилжүүлсэн иргэдийн мөнгөн дүн 500 сая ам.доллароор хэмжигдэж байсан нь ДНБ-ий 3.2 хувьтай тэнцэж байжээ. БНСУ-аас Монгол руу гуйвуулж буй мөнгөн хөрөнгө жилд дунджаар 200-250 сая ам.доллар болж байна. Энэ нь улс орны нийгэм-эдийн засаг, бизнес, айл гэрийн аж амьдралд маш чухал нөлөө үзүүлсээр байна.

Монгол Улс БНСУ, БНАСАУ хоёрын аль алинтай нь тэгш сайн харилцаатай дэлхийн цөөхөн орны нэг, Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудтай улс төр, газар нутгийн аливаа маргаангүй, цорын гагц орон мөн болохын хувьд Солонгосын хойгийн тулгамдсан асуудлыг нааштай үүрэг гүйцэтгэх боломж байгааг үгүйсгэж үл болно.

V. Монгол Улс чадамжтай зуучлагч мөн

Монгол Улс чадамжтай энхийн зуучлагч улс /B. Төвийг сахисан улс л олон улсын энхийн зууч хийх чадамжтай гэсэн буруу ойлголт байдаг. БНАСАУ, Япон болон БНАСАУ, АНУ-ын хоорондын харилцааг хэвийн болгох үйл явцад тус дөхөм үзүүлэх явдал Монгол Улсын энхийн зуучлалын үндсэн чиглэл мөн билээ. Монгол Улс байнга төвийг сахих санаачилга дэвшүүлээгүй байсан 2014 оны тавдугаар сард АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчдийн 1.5 дугаар сувгийн дипломат уулзалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, БНАСАУ-ын цөмийн асуудлыг хэлэлцэж байсан юм.

БНАСАУ-Японы харилцааг хэвийн болгох ажлын хэсгийн уулзалтыг Монгол Улсын санаачилгаар 2007 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулсан нь Зүүн хойд Азид төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан, Монгол Улсын гадаад бодлого идэвхжиж байгааг харуулсан билээ. Дээрх уулзалтын үргэлжлэл 2012 оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотноо 5 жилийн дараа хоёр дахь удаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдав.

2018 оны арав, арваннэгдүгээр сард Японы Засгийн газрын Тагнуул, судалгааны байгууллагын тэргүүн Шигэрү Китамүра Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо СХН-ын ТХ-ны дэргэдэх Нэгдсэн Фронтын хэлтсийн дарга Ким Сон-хэ тэргүүтэй төлөөлөгчидтэй хоёр ч удаа нууцаар уулзсан тухай The Japan Times мэдээлж байв. Уг уулзалт нь 1970-1980-аад оны үед Хойд Солонгосын талд хулгайлагдсан Япон иргэдийн асуудлаар яриа хэлэлцээнд ахиц гаргаж, улмаар Абэ Шинзо, Ким Жон-Ун нарын анхны дээд түвшний уулзалтын бэлтгэлийг хангах зорилготой байсан гэжээ.

Солонгосын хойгийн аюулгүй байдлыг энхийн замаар шийдвэрлэх БНСУ, БНАСАУ, АНУ, БНХАУ-ыг оролцуулсан дөрвөн талын хэлэлцээ 2003 оны наймдугаар сараас ОХУ, Японыг оролцуулан 6 талын болж өргөжсөн бөгөөд Ерөнхийлөгч Ким Дэ-жүнь хоёр Солонгостой тэгш сайн харилцаатай дэлхийн цөөхөн орон нэг мөний хувьд Монгол Улсыг олон талт хэлэлцээрт татан оролцуулж 7 талын болгох боломжтойг тэмдэглэж, энэ үеэс Монгол Улсын зуучлалын асуудал хөндөгдөж эхэлсэн гэж үзэж болохоор байдаг.

Харин 2018 оны аравдугаар сард Москвад ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов АНУ-ын Хойд Солонгосын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стефен Бьегантай (Stephen Biegun) хэлэлцээ хийсний дараа ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө: “Бид зургаан талын хэлцлээр асуудлыг шийдэх нь илүү зохистой гэж үзэж байгаа нь нууц биш. Үүний хажуугаар хэлцлийн загварт өөрчлөлт оруулахыг ч зөвшөөрч байгаа юм. Хэрэв бид Зүүн хойд Ази дахь энхийн тогтолцоог хангах талаар ярилцах гэж байгаа бол Монгол Улс Зүүн хойд Азид байршилтай шүү дээ. Тиймээс Монгол Улсыг хэлэлцээний тодорхой түвшинд оролцож, уулзалтыг долоон талын уулзалт болгож өргөжүүлэх боломжгүй гэх газаргүй” гэжээ.

2018 оны есдүгээр сард зохиогдсон “Дорнын эдийн засгийн IV форумд” Зүүн хойд Азийн эрчим хүчний олон улсын байгууллагыг Улаанбаатар хотноо байгуулах саналыг тавьсан билээ. 2018 оны наймдугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ-иний дэвшүүлсэн Зүүн хойд Азийн төмөр замын Хамтын нийгэмлэг байгууллага байгуулах санаачилгыг Орос-Монгол-Хятадын гурван улсын төмөр замын коридортой нягт уялдуулах явдал эдийн засгийн төдийгүй геополитикийн ач холбогдолтой учраас бүрэн дэмжиж байв.

Дурдсан форумын үеэр Монгол Улс Зүүн хойд Азийн эрчим хүчний олон улсын хамтын нийгэмлэгийг Улаанбаатар хотноо байгуулах саналыг тавьж байсан билээ.

VI. Хойд Солонгосын мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийг дэмжих нь

Нэгдүгээрт: БНАСАУ-тай техникийн туслалцааны хамтын ажиллагааг хөгжүүлэх нь: Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойших 30 орчим жилийн туршлага, сургамжаа бүс нутгийн орнуудтай хуваалцах сонирхолтой байдаг. Энэ хүрээнд Монгол Улс Афганистан, Киргизстан, Мьянмарын мэргэжилтнүүдэд зах зээл, ардчилал, дипломатын сургалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж ирэв.

Хойд Солонгосыг социалист зах зээлийн харилцаанд шилжих үйл явцыг аажмаар, үе шаттай дэмжих, тус дөхөм үзүүлэхэд техникийн хамтын ажиллагаа чухал.

Европын Холбоо нь Төв ба Зүүн Европын пост-коммунист орнуудад “ЕСЕ” (Еаst-Central Europe), ТУХН-ийн орнууд болон Монгол Улсад чиглэсэн “АLА”, (Аsia-Latin America), “ТАС1S” (Тесhnical Assistance for the Commonwealth of Independent States) зэрэг техникийн туслалцааны хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Эдгээр хөтөлбөрүүд нь бодлогын зөвлөгөө өгөх, зөвлөх баг бүрдүүлэх, судалгаа-сургалт зохион байгуулах замаар төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд зэрэг өргөн хүрээний мэргэжилтнүүдийн зах зээлийн эдийн засгийн мэдлэг дамжуулах, хүний нөөцийг хөгжүүлэх, удирдлага, менежментийг сайжруулах, орон нутгийн ажилтнууд, хүний нөөцийн дадлага, чадварыг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэ чиглэлд Монгол Улс хуримтлуулсан зохих туршлагаа хуваалцаж, хоёр Солонгостой сайн харилцаатай орны хувьд Азийн хөгжлийн банк эсвэл Европын Холбооны техникийн хамтын ажиллагааны туслалцааны хүрээнд төслийн санхүүжилтээр Улаанбаатар хотод БНАСАУ-ын жижиг бизнес эрхлэгчдэд зориулан зах зээлийн эдийн засгийн үндэс, бизнесийн сургалтыг зохион байгуулах боломжтой бөгөөд энэхүү бизнес сургалт нь БНАСАУ-ыг аажмаар үе шаттай социалист зах зээлийн харилцаанд шилжих үйл явцад тус дөхөм үзүүлж болох юм.

Харин Өмнөд Солонгос, Японы санхүүжилттэй Хятадад зохиогдож байсан сургалтууд амжилт олж байгаагүйг энд тэмдэглэе. БНАСАУ, ЕХ-ны хоёр талт харилцаа хэвийн явагдаж байгаа гэж хэлж болохоор байдаг.

Хоёрдугаарт: Хойд Солонгосын иргэдэд гадаад ертөнцийн тухайд үнэн бодит мэдээллийг түгээх явдал маш чухал байдаг. Өөрөөр хэлбэл мэдээллийг түгээх зөөлөн хүчний бодлого илүү үр дүнтэй. АНУ Хойд Солонгосын дэглэмийн эсрэг тэрбум, тэрбум долларыг цэрэг зэвсэгт зарцуулж байна. Харин Хойд Солонгос руу мэдээлэл цацах, Хойд Солонгосын мэдээлэл, технологийн хөгжлийг хөхиүлэн дэмжих хэрэгт маш өчүүхэн хөрөнгө мөнгө зарцуулж байна гэж БНАСАУ-аас Лондонд суугаа ЭСЯ-ны дэд тэргүүнээр ажиллаж байгаад Өмнөд Солонгос рүү нууцаар дүрвэсэн дипломатч Тэй Ён-Хо 2017 оны арваннэгдүгээр сард АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Гадаад бодлогын байнгын хорооны хуралд мэдүүлэг өгөхдөө мэдэгдэж байсан юм. Тэрбээр 2020-2024 онд БНСУ-ын парламентын гишүүнээр сонгогдон ажилласан билээ.

ЕХ-ны ТУХН, Монгол Улс, Төвийн Азийн БНАСАУ-ын дипломат асан, БНСУ-ын Үндэсний БНУ-уудад хэрэгжүүлсэн Тасис хөтөлбөр Ассемблейн гишүүн Тэй Ён-Хо. 2023 он

Хойд Солонгос улс 2004 онд анх удаа зөвхөн төрийн дээд албан тушаал хашдаг хүмүүс болон тэдний гэр бүлийнхэн, мөн гадаадын иргэдийг ухаалаг гар утас хэрэглэхийг зөвшөөрч байсан бол 2008 оноос эхлэн бүх нийтийн хэрэглээ болгожээ.

2009 оны арванхоёрдугаар сараас Хойд Солонгосын Засгийн газрын Post and Telecommunications Corporation болон Тайландын интернэт компани Loxley Pacific хамтран Star Joint Venture Co., байгуулж, Германы сансрын хиймэл дагуул болон China Unicom-той шууд холбогдож access хийх боломжтой болсон байна. 2013 оны хоёрдугаар сараас Хойд Солонгосын Koryolink гаднынханд зориулж 3G сүлжээг нэвтрүүлж эхэлжээ. Гэхдээ 2016 оны дөрөвдүгээр сард facebook, youtube, twitter Өмнөд Солонгосын website-уудыг блоклосон байна. 2017 оны есдүгээр сараас ОХУ-ын TransTelCom үйл ажиллагаагаа эхэлж байсан боловч төдий л амжилт олоогүй зогссон байна.

Хойд Солонгосын зүгт зөөлөн хүчний бодлого явуулах нь маш чухал, учир нь ард иргэд гадаад ертөнцийн талаар үнэн зөв, өргөн мэдлэгтэй болох нь чухал юм.

2025 оны байдлаар Хойд Солонгосын 7.3 сая орчим иргэд буюу нийт хүн амын 25-30 орчим хувь нь, 20-50 насны нийт иргэдийн 60 орчим хувь нь ухаалаг гар утас хэрэглэж байна. Нийслэл Пёнян хотын иргэдийн ялангуяа 20-50 насныхны дунд ухаалаг гар утасны хэрэглээ 72 гаруй хувьтай байдаг бол хөдөө орон нутаг болон хилийн бүсүүдэд энэ үзүүлэлт 35-43 хувьтай байгаа ажээ.

Хойд Солонгос өөрсдөө утас үйлдвэрлэдэг гэж сурталчилдаг боловч бодит байдал дээр бүх ухаалаг гар утсыг БНХАУ-д үйлдвэрлэдэг. Хойд Солонгосын компаниуд Хятадын гар утас үйлдвэрлэгчдэд захиалга өгч, Хятадын тал техник хангамжийг (hardware) угсарч бэлэн болгоод Хойд Солонгос брэндийн нэрсийг дээр нь хэвлэдэг OEM гэрээний зарчмаар ажилладаг байна. OEM гэдэг нь “Original Equipment Manufacturer” (Анхны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч) гэсэн үгний товчлол бөгөөд нэг компани өөр брэндийн нэрээр зах зээлд гарах бүтээгдэхүүнийг захиалгаар нь үйлдвэрлэж өгөх гэрээг хэлдэг ажгуу.

Программ хангамжийн хувьд бэлэн болсон гар утсыг Хойд Солонгост авчирч, төрийн хяналтын тусгай систем бүхий өөрчилсөн Android үйлдлийн систем суулгадаг, уг систем нь гаднын файл уншихгүй, интернэтэд холбогдохгүй, аппликэйшн дур мэдэн суулгах боломжгүй бөгөөд хэрэглэгчийн үйлдлийг санамсаргүй байдлаар дэлгэцийн зураг (screenshot) авч хянаж байдаг ажээ.

Тус улсад “Pyongyang”, “Arirang”, “Jindallae”, “Phurunhanal” зэрэг 10 гаруй нэр төрлийн дотоодын брэндүүд хэрэглээнд байдаг. Саяхны загвар болох “Pyongyang 2425” гар утас нь гадна бүтцээрээ iPhone-той тун төстэй хийгдсэн байх бөгөөд Huawei фирмийн 4G гар утас, үндэсний үйлдвэрийн Daeyang-8321 таблет хэрэглэж байгаа ажээ.

Koryolink нь 2008 онд Египетийн “Orascom” болон Хойд Солонгосын Төрийн шуудан цахилгаан холбооны газар хамтран байгуулсан анхны 3G оператор юм. Төрийн хяналт чанга тул Египетийн тал ашгаа авч чадахгүй маргаантай байдаг ч сүлжээ нь ажилласаар байна.

Kangsong NET нь 2012 онд байгуулагдсан, төрийн өмчит хоёр дахь оператор юм. Сүүлийн жилүүдэд ярианы чанар илүү сайн, төлбөрөө ам доллароор биш дотоодын мөнгөн тэмдэгтээр хийх боломжтой болсон тул иргэд Koryolink -ээс Kangsong NET руу олноор шилжих болсон байна.

Тус улс Хятадын “Huawei” компанийн хуучин, хуучирсан тоног төхөөрөмжүүдийг ашиглан 2023 оны сүүлээс Пёнян хотын төв хэсгүүдэд 4G сүлжээг нэвтрүүлж эхлээд байна.

“Mirae” (Ирээдүй) нэртэй олон нийтийн Wi-Fi сүлжээ нь 2018 оноос Пёнян хотод ажиллаж эхэлжээ. Гэхдээ энэхүү Wi-Fi-аар дамжуулж дэлхий дахиныг хамарсан интернэт рүү (www) орох боломжгүй. Зөвхөн Хойд Солонгосын төрийн хяналттай, зөвшөөрөгдсөн цахим хуудаснууд бүхий “Kwangmyong” дотоод сүлжээнд (Intranet) холбогддог байна.

Иргэд утсандаа тусгай “Mirae” аппликэйшн суулгаж, үүний тулд тусгай Mirae SIM карт худалдаж авдаг. Сүлжээнд холбогдохын тулд олон шатлалт хувийн мэдээллийн баталгаажуулалт хийдэг тул төрөөс иргэдийн юу үзэж, хайж байгааг шууд хянах зориулалттай ажээ.

Иргэд энэхүү Wi-Fi-ыг ашиглан Төв цахилгаан мэдээний агентлаг (KCNA)-ын мэдээ унших, шинжлэх ухаан, технологийн цогцолборын материал үзэх, төрийн зөвшөөрөлтэй кино, дуу хөгжим болон цахим номуудыг өндөр хурдаар татаж авдаг байна. Одоогоор “Mirae” Wi-Fi сүлжээ нь зөвхөн Пёнян хотын томоохон гудамж, их сургуулиудын орчимд голлон ажилладаг ажээ.

Хэдий тийм боловч одоо байгаа технологийн түвшинг ашиглан зөөлөн хүчний бодлого явуулах боломж байгаа юм. Мөн зах зээлд шилжих үйл явцыг алсаас, алгуур, үе шаттай дэмжих боломж буй.

VII. Төгсгөл

Солонгосын хойгийн аюулгүй байдал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг болсон гэж үзэж болохоор байна. Монгол Улс тус бүс нутагт идэвхтэй гадаад бодлого явуулж, тус бүс нутагт хоёр болон олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд тухайлбал:

  • Зүүн хойд Ази дахь уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах,
  • Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын нийгэмлэгийг байгуулах,
  • Зүүн хойд Азийн эрчим хүчний шилжилтэд нэн шаардлагатай ашигт малтмал, газрын ховор элементийн тогтвортой, уян хатан сүлжээг хөгжүүлэх,
  • Зүүн хойд Азийн төмөр болон авто замын хамтын нийгэмлэг байгуулах,
  • Зүүн хойд Азийн орнуудын хооронд цар тахлын үеийн яаралтай мэдээлэл дамжуулах шуурхай механизмыг буй болгох,
  • Зүүн хойд Азид кибер аюулгүй байдлыг хангах, хиймэл оюуны технологийн зохицуулалтын олон талт хамтын ажиллагааны механизм буй болгох шаардлага байгаа нь Монгол Улсын үндэсний эрх ашигт бүрнээ нийцнэ.

Монгол Улсын Зүүн хойд Азид чиглэсэн II сувгийн дипломат ажиллагааны хүрээнд техникийн хамтын ажиллагааг хөгжүүлж, бизнес эрхлэгчдийг сургалтад хамруулах, харилцаа, холбооны технологиор дамжуулах зөөлөн хүчний бодлогыг идэвхжүүлэх, Япон-Хойд Солонгос, АНУ-Хойд Солонгос хоорондын яриа хэлэлцээнд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх үндсэн дээр харилцааг хэвийн болгох, улмаар дипломат харилцааны үндэс суурийг тавих чиглэлд тус дөхөм үзүүлэх боломжтой.