Кенийн шүүх хоёр хүний амь үрэгдсэн эсэргүүцлийн дараа АНУ-ын иргэдэд зориулсан эмнэлгийн нээлтийг хойшлуулав

С.Мөнхцэцэг, ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дорнод Африкийн Кени улсын шүүх өчигдөр Эбола вирусийн халдвар авсан байж болзошгүй АНУ-ын иргэдийг тусгаарлах эмнэлгийн нээлтийг гурван долоо хоног хойшлуулж, тус улсын засгийн газарт Вашингтонтой ямар нөхцөлөөр ийм эмнэлгийг нутаг дэвсгэр дээрээ нээх тохиролцоонд хүрснээ ил болгохыг шаарджээ.

Кени улсын төв хэсэгт оршдог агаарын баазад байрлах 50 ортой түр эмнэлэг нь Конго болон Уганда улсад Эбола вирусийн халдвар авсан байж болзошгүй америкчуудад зориулагдах юм.

Өвчтөнүүдийг асран сувилах үеэр гарах эрүүл мэндийн эрсдэлийг Америкчууд өөрсдөөсөө зайлуулахын тулд ийм эмнэлэг байгуулсан гэж Кенийн иргэд үзэж, эсэргүүцэж байна.

Кенийн шүүх өнгөрсөн долоо хоногт иргэдийн төлөөллийн гаргасан нэхэмжлэлийн дагуу төлөвлөгөөг түдгэлзүүлсэн. Гэхдээ АНУ-ын цэргийн нисэх онгоцнууд сүүлийн өдрүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмжийг мэргэжилтнүүдийн хамт зөөсөөр байгаа юм.

Кенийн дээд шүүхийн шүүгч Патрисиа Няунди өчигдөр Нанюки хотод уг байгууламжийг барих, үйл ажиллагаа эхлүүлэхийг хориглож, засгийн газарт АНУ-ын талтай байгуулсан гэрээгээ долоо хоногийн дотор ил болгох захирамж хүргүүлсэн байна.

Үүнтэй холбоотой дараагийн шүүх хурлыг зургаадугаар сарын 23-ны өдөр товложээ.

Шүүхийн шийдвэрийн талаар АНУ-ын төрийн департамент ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.

Даваа гарагт Нанюки хотод уг төлөвлөгөөг эсэргүүцсэн олон зуун хүн жагсах үеэр цагдаа нар гал нээсний улмаас хоёр хүний амь үрэгдсэн юм.

Үүний дараа Кенийн ерөнхийлөгч Уильям Руто уг байгууламж нь Эболагийн тархалттай тэмцэх үндэсний хэмжээний бэлтгэл ажил, Вашингтонтой байгуулсан эрүүл мэндийн салбарын урт хугацааны түншлэлийн нэг хэсэг болохыг тайлбарлажээ.

Тэрбээр уг байгууламж зөвхөн Америкчуудад биш, Кенийн болон бусад улсуудын иргэдэд бас үйлчлэхийг хэлсэн юм. Гэхдээ АНУ-ын албаныхан үүнийг нь батлаагүй байна.

“Бид хариуцлагатай засгийн газар. Бид юу хийж байгаагаа мэднэ” гэж Руто энэ үеэр хэлжээ.

Кени улсын шүүх хараат бус үйл ажиллагаагаараа бүс нутагтаа алдартай ч зарим тохиолдолд засгийн газар шийдвэрийг нь үл тоомсорлох явдал гардаг байна.

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад анх дэгдсэн Эбола вирусийн халдвар одоо хөрш Уганда улсад тархаад байгаа юм.

Одоогоор нийт 900 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, үүний 220 гаруй нь нас бараад байна.

Шинж тэмдэг нь хожуу илэрдэг учраас тавдугаар сарын 15-ны өдөр анх зарласан дэгдэлт бодит байдал дээр илүү өргөн хүрээнд тархсан байж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байгаа.

Трампын засаг захиргаа халдвар дэгдсэн улс орнуудын иргэдэд хилийн хориг тавьсан бөгөөд халдвар авсан өөрийн иргэдийг гадаадад тусгаарлаж, эмчлэх арга зам хайж байна.

Өнгөрсөн сард Конгод өвчтөнүүдийг эмчилж байгаад халдвар авсан АНУ-ын иргэнийг бусад таван хавьтагчийн нь хамт Герман улс руу нүүлгэн  шилжүүлсэн юм.

Долоо дахь сэжигтнийг сүүлд Чех улс руу нүүлгэн шилжүүлжээ.

Кенийн Нанюкид байгуулагдах эмнэлэг нь шинж тэмдэг илрээгүй, далд байгаа америкчуудыг тусгаарлах зориулалттай бөгөөд илэрсэн тохиолдолд эмчлэх боломжтой бусад гадаад улсууд руу нүүлгэх юм байна.

 

Эх сурвалж: Reuters