Сонсголын бэрхшээлтэй иргэдийг төр үл тоож байгаад гомдов

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сонсголгүй иргэдийн үндэсний холбооноос өнөөдөр сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар тайван жагсаал зохион байгууллаа.

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2023 оны арванхоёрдугаар сард сонсголын бэрхшээлтэй иргэд өөрсдийн дуу хоолойгоо төрд хүргэх зорилгоор жагсаал зохион байгуулсан. Үүний дагуу 01/3436 тоот албан бичгийг Засгийн газарт хүргүүлсэн боловч өнөөг хүртэл бодит байдалд хэрэгжээгүй байгааг тэд сануулсан юм.

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний эрхийн хорооны зөвлөмжид Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний эрхийг хангах асуудлыг онцлон тусгасан хэдий ч Монгол Улсад Сонсголгүй болон Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрх бодит амьдралд хангалтгүй, мэдээллээс хоцрох, нийгмээс тусгаарлагдах, эрх нь зөрчигдсөн нөхцөл байдал түгээмэл байна.

Ялангуяа бүх төрийн үйлчилгээний хүртээмжгүй байдлаас шалтгаалан сонсголгүй иргэд өдөр тутмын амьдралдаа олон хүндрэлтэй тулгарч байгаа аж.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тус холбооны тэргүүн А.Энхбаатар жагсаалынхаа үеэр үндсэн таван шаардлага тавьж байгаагаа илэрхийлэв. Тэд тавдугаар сарын 27-нд жагсахаар төлөвлөж байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогджээ. Анх шаардлагуудаа Засгийн газарт бичгээр хүргүүлсэн ч үл тоосон тул дараагийн алхмаа хийж байгаагаа тайлбарласан юм.

Сонсголгүй иргэдийг ажлын байраар хангах асуудалд дэлхий даяар нэг стандарт хэрэгжүүлж байгаа бол манай улсад энэ асуудалд анхаарал хандуулаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жолооны дүрмийг батлахдаа сонсголгүй иргэдийг хөсөр хаясан. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар хүнийг ялгаварлан гадуурхаж байна. Дүрэм нь тодорхойгүй байдлаас шалтгаалан өдөр тутамдаа торгууль төлж буй.

Мөн төрийн үйлчилгээг авахдаа дохионы орчуулагчгүй учраас зөв зохистой мэдээлэл олж авах, тэр тусмаа шүүх, цагдаа дээр ойлголцоход асуудал үүсдэг. Төрийн байгууллагад дохионы орчуулагч зайлшгүй шаардлагатай байгааг жагсаал зохион байгуулагчид онцоллоо.