Санкт Петербургийн эдийн засгийн чуулган Украины агаарын цохилтоор эхэлжээ
Лхагва гарагийн өглөө “Оросын Давос” гэгддэг Санкт Петербургийн эдийн засгийн чуулган эхэлж байхад Украины нисгэгчгүй онгоцнууд тус хот дахь эрчим хүчний болон цэргийн байгууламжуудад довтолжээ.
Гурван өдөр үргэлжлэх Санкт Петербургийн Олон Улсын Эдийн Засгийн Чуулганд дэлхийн 130 орны 20,000 орчим төлөөлөгч оролцох төлөвтэй байна.
Кремлийн эрх баригчид өчигдөр Украины цохилтын хариу арга хэмжээг авахаа амлажээ.
Өмнөх өдөр нь Оросын тал Украины хотууд руу томоохон агаарын довтолгоо явуулахад 23 хүний амь үрэгдсэн юм.
Санкт Петербургийн захирагч Александр Беглов дэд бүтцийн хэд хэдэн байгууламж Украины цохилтод өртсөн ч хүний амь нас эрстээгүйг баталжээ.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нисгэгчгүй онгоцнууд нь Санкт Петербургийн газрын тосны терминал, Кронштадтын цэргийн баазад довтолсныг мэдээлсэн байна.
Тэрбээр газрын тосны агуулах шатаж буйг харуулсан дүрс бичлэгийг сошиал хуудсандаа нийтлээд “Украины алсын тусгалын хориг арга хэмжээний төлөвлөгөө яг энх тайвныг авчрах шаардлагатай цаг үед хэрэгжиж байна” гэж бичжээ.
Украины нисгэгчгүй онгоцны хүчний командлагч Кронштадтын тэнгисийн цэргийн баазад байрлаж байсан Оросын байлдааны хөлгийг оносноо мэдээлсэн байна.
Уг довтолгооны улмаас Санкт Петербургийн гол нисэх онгоцны буудал хэдэн цагийн турш хаагджээ.
Украины тал энэ довтолгоогоо эдийн засгийн чуулганыг тасалдуулах зорилготойг баталсан байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин маргааш буюу Баасан гарагт уг арга хэмжээний гол илтгэлийг тавих юм.
“Санкт Петербургийн чуулган Украины цохилтын дараа хар утааны дэвсгэр дээр эхэлж байна” гэж Украины батлан хамгаалахын сайдын зөвлөх Сергей Стерненко мэдэгджээ.
Чуулганд оролцохоор ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд арга хэмжээний төв байрнаас утаа харагдаж байгааг мэдээлсэн байна.
Орос улс 2022 онд Украины нутаг дэвсгэрт халдсаны дараа гадаадын хөрөнгө оруулалт татах зорилготой Санкт Петербургийн эдийн засгийн чуулган тус улс дэлхийн тавцанд ганцаардаж, тусгаарлагдсаныг харуулах нэг арга хэмжээ болж хувирсан юм.
2010-аад оны үед уг арга хэмжээнд Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы канцлер асан Ангела Меркел, Японы ерөнхий сайд агсан Абэ Шинзо зэрэг удирдагчид Путинтэй зэрэгцэн оролцдог байлаа.
Харин өнөөдөр Узбекистан, Танзани улсуудын ерөнхийлөгч нар, Куба, Беларусь, Арабын Нэгдсэн Эмират, Саудын Арабын сайд нар оролцож байна.
Өрнөдийн орнуудаас хэд хэдэн олны танил зочин байгаагийн дотор Америкийн барууны үзэлтэй улс төрийн тоймч Кэндэс Оуэнс, жүжигчин Стивэн Сигал, Германы хэт барууны AfD намын төлөөлөл оролцож байгаа.
Лхагва гарагийн шөнө Крымийн хойг, эзлэгдсэн бүс нутгуудыг оролцуулаад Орос даяар Украины нийт 354 нисгэгчгүй онгоцыг унагаснаа ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлсэн байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
