Венесуэлийн газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 920 хүрлээ
Венесуэлийн хойд эрэг орчмын нутагт дараалан болсон хоёр хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 920 хүрснийг тус улсын эрх баригчид Баасан гарагт зарлажээ.
Лхагва гарагийн орой нийслэл Каракас хотоос баруун зүгт 160 км зайд 7.2 ба 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд хоорондоо хэдхэн цагийн зайтай болсон юм.
Дэлхийн 17 улсын аврагчид Венесуэлд очсон буюу замдаа явааг НҮБ өчигдөр бас мэдээлсэн байна.
Венесуэлийн сөрөг хүчнийхний гаргасан тооцооллоор 58,000 гаруй хүн сураггүй алга болоод байгаа гэнэ. Харин засгийн газар үүнээс хамаагүй бага буюу 150 хүн сураггүй болсон гэх тоог Пүрэв гарагийн үд дунд зарласан байна.
Каракас хотод орон гэрээсээ дайжсан хүмүүс цэцэрлэгт хүрээлэн, автомашины зогсоол зэрэг ил задгай талбайд хоног өнгөрүүлжээ.
Ойр дотнын хүмүүсээ хайж, сурагласан хүмүүс хэдэн мянгаараа байгаа бол харилцаа холбооны дэд бүтэц гэмтсэнтэй холбоотой гадаадад амьдардаг венесуэлчүүд төрөл төрөгсөдтэйгөө холбоо барьж чадахгүй байна.
Олон Улсын Цагаачлалын Байгууллага энэ удаагийн газар хөдлөлтөд Венесуэлийн 6.76 сая иргэн өртсөнөөс 2 сая орчим нь нийслэл Каракаст байгаа гэсэн тоо гаргажээ.
Нийт 1,000 орчим хүнээс бүрдсэн 25 баг ажиллаж байгаагийн 17 нь аврагчдын баг, үлдсэн нь эрүүл мэндийн шуурхай тусламжийн багууд болохыг НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөгч мэдээлсэн байна.
Чили, Колумб, Эль Сальвадор, Итали, Мексик, Швейцар, АНУ-ын аврагчид Венесуэлд ирээд байгаа бол Их Британи, Чех, Эквадор, Франц, Йордан, Нидерланд, Катар, Испанийн багууд замдаа гарчээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын бүс нутгийн салбар Пан Америкийн Эрүүл Мэндийн Байгууллагын онцгой байдлын захирал Чиро Угарте тус бүс нутгийн 15 улсын эрүүл мэндийн яамд Венесуэлд дэмжлэг үзүүлэхээ амласныг мэдээлсэн байна.
Энэхүү байгалийн гамшгийн үеэр хэрхэн ажиллах нь Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дэлси Родригесын засаг захиргааны хувь заяаг шийдэх магадлалтай болжээ.
Тэрбээр энэ оны нэгдүгээр сард Николас Мадурогийн дэглэмийг АНУ хүчээр унагасны дараа үүрэг гүйцэтгэх болсон юм.
Хэрвээ Родригес олон нийтийн итгэлийг алдвал Мариа Корина Мачадогийн тэргүүлсэн сөрөг хүчний байр суурь бэхжиж магадгүй байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

