Оросын цорын ганц дайныг эсэргүүцэгч нам ирэх сард болох парламентын сонгуулийн өрсөлдөөнөөс хасагдлаа
Оросын дээд шүүх өчигдөр либерал улс төрийн хүчин болох Яблоко намыг ирэх сард болох парламентын сонгуулийн өрсөлдөөнөөс хасах шийдвэр гаргажээ.
Албан ёсны бүртгэлтэй улс төрийн хүчнүүдээс Украины нутагт явуулж буй Москвагийн эрх баригчдын дайныг ил тод эсэргүүцдэг цорын ганц нам Яблоко юм.
“Шийдвэрийг давж заалдах болно. Найзууд аа, цөхрөх болоогүй шүү” гэж тус намаас мэдэгджээ.
Яблоког сонгуульд оролцуулахгүй байх хүсэлтийг Кремлийн бодлогыг дэмжигч, үндсэрхэг үзэлтэй жижиг нам Родина гаргасныг дээд шүүх өчигдөр дэмжсэн юм.
Родина нам Өрнөдийн эх үүсвэрүүдээс нууцаар дэмжлэг авсан гэх мэт өөр хэд хэдэн зүйлээр Яблоког буруутгажээ.
Шүүхийн сонсголын үеэр Яблоко намын дарга Николай Рыбаков дээрх буруутгалуудыг батлах ямар ч баримт нотолгоо байхгүйг мэдэгдсэн байна.
Тэр бас Родинагийн нэхэмжлэлийг улс төрийн өрсөлдөгчөө зайлуулах зорилготой үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж шүүмжилжээ.
Дээд шүүхийн байрны гадна өчигдөр голдуу залуусаас бүрдсэн хэдэн зуун иргэн намаа дэмжиж цугларсан нь Оросын нийгэмд ховор үзэгдэл байлаа.
Тэдний зарим нь намынхаа нэрийн бэлгэдэл болсон алим гартаа барьж, зарим нь Оросын төрийн далбаа нөмөрсөн байв.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
