Иран дэглэмийн хохирогчдын өмнөөс нөхөн төлбөр шаардах бодолтой байгаагаа Трамп мэдэгдэв
Техраны эрх баригчидтай байгуулах аливаа энхийн гэрээнд Ираны шууд оролцоотой болон дэмжлэгтэйгээр сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд үйлдэгдсэн аллагуудын нөхөн төлбөрийг шаардаж оруулах бодолтой байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгджээ.
“Иран улс сүүлийн таван сарын турш үргэлжилсэн мөргөлдөөний хохирлыг нөхөн төлөхийг биднээс шаардаж байгаа. Би ч мөн адил тэдний үйлдсэн халдлагуудын үеэр амиа алдсан болон шархадсан хүмүүсийн хохирлыг нөхөн төлүүлмээр байна” гэж Трамп сошиал хуудсандаа бичсэн байна.
Трамп хамгийн сүүлд долоо хоногийн өмнө энхийн гэрээ байгуулахгүй бол Ираныг бөмбөгдөхөөр сүрдүүлсэн. Харин сүүлийн үед тэр хандлагаа өөрчилж, хүч хэрэглэхийн оронд эдийн засгийн дарамт шахалтаар сүрдүүлдэг болоод байгаа.
Ням гарагт нийтлэгдсэн Axios сайтын ярилцлагадаа Трамп бараг анх удаагаа Ираны эрх баригчид Ормузын хоолойг нээхгүй удааж байгаад ямар нэг бухимдал илэрхийлээгүй байна.
Өчигдрийн мэдэгдэлдээ тэр олон жилийн турш Ираны дэглэмийн хохирогч болсон хүмүүст нөхөн төлбөр шаардах бодолтой байгаагаа илэрхийлэхдээ 2000 онд бөмбөгдүүлсэн USS Cole байлдааны хөлгийн хохирогчдыг жишээ болгон дурдсан юм. Бас Техраны дэглэмийг эсэргүүцсэнийхээ төлөө амиа алдсан гэм зэмгүй хүмүүсийн ар гэрийнхний өмнөөс нөхөн төлбөр шаардахаа тэр амласан байна.
“Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Ираны дэглэмийн гарт амиа алдсан олон зуун мянган жагсагчийн ар гэрийнхэн нөхөн төлбөр авах ёстой. Би өөрийн хүмүүст цаашдын аливаа гэрээ хэлэлцээрт үүнийг заавал тусгахыг даалгалаа” гэж Трамп бичжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
