ФОТО: $1.7 тэрбумын зээлээр 2018 оноос хойш баригдаж буй "Газрын тос боловсруулах үйлдвэр" төслийн өнөөгийн нөхцөл байдал
Ерөнхий сайд Н.Учрал тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын талбайд өнөөдөр очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцжээ.
Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал тус үйлдвэрийг 2028 онд багтаан ашиглалтад оруулах, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах, төслийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор албаныханд үүрэг өгчээ.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл дөрвөн багц ажлаас бүрддэг. Анх нэг тэрбум ам.долларын санхүүжилттэй зээл байсан бол төслийн үйл явцаас хамааран 700 гаруй сая ам.доллароор нэмэгдсэн.
Эхний багц ажлыг 2024 онд дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгсөн. Бусад багц ажил болох ДЦС болон технологийн байгууламж барих ажил барилга угсралтын шатандаа явж байгаа аж.
Засгийн газрын мэдээлж буйгаар "20 хувийн гүйцэтгэлтэй хоёр жил гацсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг гацаанаас гаргасан. Үр дүнд нь бүтээн байгуулалт 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна" гэлээ.
Үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах 527 км газрын тос дамжуулах хоолой барьж байгуулах ажил 90 гаруй хувийн хэрэгжилттэй, дуусах гэж байна. Дорнод аймгийн Матад суман дахь газрын тосны 19 дүгээр талбайгаас Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь үйлдвэрийн талбай хүртэлх уг дамжуулах хоолой нь Монгол Улсын хувьд газрын тосыг хол замд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой болжээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар манай улс жилд 1.5 сая.тн түүхий тосноос 1.3 сая.тн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломж бүрдэх юм байна.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
