АНУ-д суралцдаг болон солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй ИРГЭДИЙН АНХААРАЛД

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

F-1, J-1 виз эзэмшигчдийн АНУ-д оршин суух хугацааг тооцох журамд өөрчлөлт орох гэж байгааг Сан Франциско дахь Монгол Улсын Ерөнхий Консулын Газар(ЕКГ)-аас мэдээллээ.

Тодруулбал АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам (Department of Homeland Security – DHS) 2026 оны долоодугаар сарын 17-ны өдөр F, J болон I ангиллын виз эзэмшигчдийн АНУ-д оршин суух хугацааг тодорхойлох журамд томоохон өөрчлөлт оруулсан эцсийн журмыг нийтэлсэн бөгөөд уг журам 2026 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхлэхээр товлогджээ.

Шинэ журмаар F-1 оюутан, J-1 солилцооны хөтөлбөрт оролцогч зэрэг холбогдох ангиллын гадаадын иргэдийг АНУ-д нэвтрэх үед өмнөхтэй адил “Duration of Status” буюу D/S тэмдэглэгээгээр хугацааг нээлттэй тогтоохын оронд Form I-94 дээр АНУ-д байх эрхтэй тодорхой эцсийн хугацаа (Admit Until Date) заахаар болж байна. F болон J ангиллын иргэдийн хувьд уг хугацааг хөтөлбөрийн үргэлжлэх хугацаатай уялдуулан тогтоох бөгөөд ерөнхийдөө нэг удаагийн зөвшөөрөгдсөн хугацаа дөрвөн жилээс хэтрэхгүй байна.

Энэхүү өөрчлөлтийн дагуу Form I-94 дээр заасан хугацаанд сургалт, солилцооны хөтөлбөрөө дуусгах боломжгүй тохиолдолд АНУ-д хууль ёсны статусаа үргэлжлүүлэн хадгалахын тулд хугацаа дуусахаас өмнө Extension of Stay (EOS) буюу оршин суух хугацааг сунгуулах хүсэлтийг АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-д зохих журмын дагуу гаргах шаардлага үүсэж болно. Мөн шинэ журмаар F-1 оюутны сургалт болон зөвшөөрөгдсөн дадлага (OPT) дууссаны дараах АНУ-аас гарахад зориулсан хугацааг 60 хоногоос 30 хоног болгон богиносгох, сургууль болон сургалтын хөтөлбөр шилжүүлэхэд тодорхой нэмэлт хязгаарлалт тогтоох зэрэг бусад өөрчлөлтийг тусгасан байна.

Одоо АНУ-д F-1, J-1 статустай байгаа иргэд юуг анхаарах вэ?

2026 оны есдүгээр сарын 15-ны өдөр АНУ-д хүчин төгөлдөр F эсхүл J статустай, Form I-94 дээрээ D/S тэмдэглэгээтэй байгаа иргэдэд шилжилтийн зохицуулалт үйлчилнэ. Ийм иргэдийн хувьд есдүгээр сарын 15-нд шууд шинэ I-94 авах эсхүл бүгд нэгэн зэрэг USCIS-д хугацаа сунгуулах хүсэлт гаргах шаардлага үүсэхгүй. Гэхдээ зөвшөөрөгдсөн оршин суух хугацааг тухайн иргэний I-20/DS-2019 дээрх хөтөлбөрийн дуусах хугацаа болон шинэ журмын шилжилтийн дээд хугацаатай уялдуулан тооцох тул өөрийн сургуулийн Designated School Official (DSO) эсхүл J-1 хөтөлбөрийн хариуцсан ажилтнаас өөрийн нөхцөл байдалд тохирсон мэдээлэл авах нь зүйтэй.

Түүнчлэн 2026 оны есдүгээр сарын 15-наас хойш АНУ-аас гарч, F эсхүл J статусаар буцаж нэвтэрч байгаа иргэд шинэ журамд хамрагдаж, АНУ-д дахин нэвтрэх үед Form I-94 дээр тодорхой “Admit Until Date” тогтоолгоно. Иймд Монгол Улсын иргэд, ялангуяа АНУ-д суралцаж буй оюутан, судлаач, солилцооны хөтөлбөрт оролцогчид гадаад улсад зорчих, сургалтын хугацаагаа сунгах, сургууль болон хөтөлбөрөө өөрчлөх шийдвэр гаргахаасаа өмнө өөрийн сургуулийн олон улсын оюутны алба, DSO/хөтөлбөрийн хариуцсан ажилтантай зөвлөлдөж, Form I-20 эсхүл DS-2019 болон Form I-94 дээрх мэдээллээ нягтлан шалгахыг зөвлөж байна.

Эх сурвалж:

  • U.S. Department of Homeland Security, Final Rule: Establishing a Fixed Time Period of Admission and an Extension of Stay Procedure for Nonimmigrant Academic Students, Exchange Visitors, and Representatives of Foreign Information Media, Federal Register, Vol. 91, No. 136, July 17, 2026.
  • U.S. Department of Homeland Security / Student and Exchange Visitor Program (SEVP).

Жич: Энэхүү мэдээлэл нь нийтэд зориулсан ерөнхий мэдээлэл бөгөөд хууль зүйн зөвлөгөө биш болно. Шинэ журмын хэрэгжилттэй холбоотой нэмэлт тайлбар, удирдамж цаашид гарах боломжтой тул холбогдох АНУ-ын төрийн байгууллагын албан ёсны мэдээллийг тогтмол шалгахыг зөвлөж байна гэж Сан Франциско дахь ЕКГ-аас мэдээлэв.