Хятадын зүүн эргийг далайн хар салхи дайрсны улмаас нэг сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Долфин нэртэй далайн хар салхи Ням гарагийн орой Хятад улсын зүүн эрэгт хүрсний улмаас нэг сая гаруй хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлжээ.
Оройн 17:30 цагийн үед Зэжянь мужийн Юхуань хотыг 150 км/цаг хурдтай хар салхи дайрснаас хойш нэг цаг орчмын дараа Вэньжоу хот бас өртсөнийг тус улсын цаг уурын байгууллага мэдээлсэн байна.
Хар салхи бүс нутгийн тээврийн урсгалыг бүхэлд нь зогсоосноос зөвхөн Шанхай хотод 1,400 нислэг цуцлагджээ.
Хятадын эрх баригчид өчигдөр Долфин хар салхийг ирэхэд хамгийн өндөр түвшний түгшүүр зарлаж байсан бол Даваа гарагийн өглөө бага зэрэг бууруулсан байна.
Одоо уг хар салхи эх газрын гүн рүү шилжиж, Лхагва гарагийг хүртэл их устай аадар бороо, үер, хөрсний гулсалтын гамшиг учруулж болзошгүй болжээ.
Орон нутгийн эрх баригчид ард иргэдэд гадагшаа гарахгүй байхыг зөвлөж, Disneyland, Legoland болон Шанхай хотын аялал жуулчлалын гол төвүүдийг түр хугацаагаар хаасан байна.
Хятадын эрх баригчид одоогоор хүний амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдол бүртгэгдээгүй байгааг мэдээлжээ.
Зэжянь мужийн төв Ханжоу хот шуурганаас хоргодох газар хайсан жолооч нарт зориулан нийтийн бүх зогсоолыг төлбөргүй болгосон байна.
Тус мужийн Вэньжоу хотод 900,000 орчим хүнийг түр нээсэн 1,000 гаруй хоргодох байранд нүүлгэжээ. Тайжоу хотод 390,000 орчим хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлсэн байна.
Долфин хар салхи эрэгт хүртлээ далайд 6,000 км орчим урт зам туулсан нь ердийн хар салхины үргэлжлэх дундаж хугацаанаас гурав дахин урт байгааг Хятадын төв телевиз мэдээлжээ.
Уг хар салхи Хятадын эрэгт хүрэхээсээ өмнө Филиппиний арлууд, Тайвань арлын хойд хэсэг, Японы Окинава арлуудыг дайрсан байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
