Татарстаны нефть химийн болон газрын тос боловсруулах томоохон үйлдвэрүүд Украины агаарын цохилтод өртжээ

Т.Давааням, ikon.mn
54 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан Улсын газрын тос боловсруулах болон нефть химийн томоохон үйлдвэрүүд  Украины нисгэгчгүй онгоцны халдлагад өртөх үеэр 13 хүн амиа алдаж, 39 хүн шархадсаныг албаны эх сурвалжууд Даваа гарагт мэдээлжээ.

Тухайлбал нийслэл Москвагаас зүүн зүгт 800 км зайд оршдог Нижнекамск хотын газрын тос боловсруулах Танеко, Таиф-Нк үйлдвэрүүд, синтетик резин, хуванцрын Нижнекамскнефтехим үйлдвэр уг халдлагад өртсөн юм байна.

Нижнекамск хотын захирагч Радмир Беляев аж үйлдвэрийн болон иргэний байгууламжуудыг чиглэсэн томоохон халдлага болсныг Телеграм сувгаараа мэдээлэхдээ ямар нэг хохирлын талаар дурдаагүй юм.

Харин Оросын мөрдөн байцаах албаныхан иргэний байгууламж халдлагад өртсөн тул үүнд терроризмын хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ мэдээлжээ.

Мөн амиа алдагсдын дотор хүүхэд байсныг мэдэгдэлдээ дурдсан байна.

Украины тал өмнө нь зургаадугаар сард Танеко үйлдвэрт, долдугаар сарын эхээр Таиф-Нк үйлдвэрт халдаж байсан юм. Танеко нь 2024 онд 17 сая түүхий газрын тос боловсруулж, 2.7 сая тонн бензин, 8.5 сая тонн дизель түлш үйлдвэрлэж байжээ.

Украины зэвсэгт хүчин долдугаар сарын хоёрдугаар хагаст Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг чиглэсэн цохилтоо түр завсарласны дараа энэ сараас эхлэн дахин эрчимжүүлээд байна.

Нижнекамскнефтехим үйлдвэрийг эзэмшдэг Оросын хамгийн том нефть химийн үйлдвэрлэгч Сибур Холдинг ПАО компани халдлагын талаар ямар нэг тайлбар өгөхөөс татгалзжээ.

 

Эх сурвалж: Reuters