"Олон улсын хуралд оролцогчдод нийтийн тээврийн 13 байгууллагын 100 гаруй тээврийн хэрэгслээр үйлчилнэ"
КОП-17 хуралд оролцох зочид төлөөлөгч ба нийтийн тээврийн үйлчилгээний талаарх мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан хүргэлээ.
Тэрбээр "КОП-17 олон улсын хуралд нийтийн тээврийн 13 ААН, байгууллагын 100 гаруй тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарна.
Наймдугаар сарын 17-28-ны хооронд Улаанбаатар хотод 17 чиглэлээс үйл ажиллагаа явуулах юм. Эдгээр 17 чиглэл нь олон улсын хуралд оролцохоор Монгол Улсад ирсэн 6,000 орчим төлөөлөгчид үйлчилнэ гэсэн үг.
КОП-17 хурлын хүрээнд нийт 36 зочид буудлыг холбосон чиглэлүүдэд
- өглөө 06:00-11:00 цагийн хооронд 10 минутын зайтай
- өдөр 11:00-16:00 цагийн хооронд нэг цагийн зайтай зочид буудал болон хурлыг зохион байгуулах үндсэн талбай хүртэл
- 16:00-20:30 цаг хүртэл үндсэн талбайгаас зочид буудал хүртэл үйл ажиллагаа явуулна.
Нийтийн тээврийн үйлчилгээний одоо тогтмол явж байгаа 13 чиглэл бий. Эдгээр чиглэлд 72 автобус иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.
Замын хөдөлгөөний зохион байгуулалттайгаар холбогдуулан Дүнжингарав, Нарантуул орчмын замыг хэсэгчлэн хаах хөдөлгөөний зохицуулалт хийнэ. Энэ хөдөлгөөн зохицуулалттай холбоотой Дүнжингарав, Нарантуул зах хооронд богино тойрог эргэлтийг иргэд, оролцогчдод нэмэлтээр гаргаж өгч байгаа" хэмээн хэллээ.
Үргэлжлүүлэн "КОП-17 хуралд оролцох олон улсын 6,000 орчим төлөөлөгч одоогийн байдлаар бүртгэлтэй байна. Энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа.
Эдгээр 6,000 орчим төлөөлөгчийг Чингис хаан олон улсын нисэх буудлаас 36 зочид буудал руу нийтдээ таван чиглэлээс 60 гаруй автобус тусгай захиалгат үйлчилгээг гаргаж байгаа. Наймдугаар сарын 14-нөөс эхлээд наймдугаар сарын 30-ныг хүртэл олон улсын нисэх буудлаас зочид буудал хүртэл таван чиглэлийн үйлчилгээг цаг тутам гаргаж байгаа.
Мөн одоо тогтмол явж байгаа хоёр чиглэлийг төлбөртэйгөөр гаргаж байна. Нэмэлтээр гаргаж буй таван чиглэл маань үнэ төлбөргүй. Гэхдээ нийтийн тээврийн үйлчилгээ, Чингис хаан олон улсын нисэх буудлаас явж буй үйлчилгээ нь КОП-17 хуралд бүртгүүлсэн мандаттай иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Дотоодын болон олон улсын төлөөлөгчид заавал бүртгэлийн мандатаа үзүүлж эдгээр үйлчилгээг авах нь ээ.
Мөн олон улсын хуралд оролцохоор Гадаад Харилцааны Яамнаас 150 орчим айлчлал хийх өндөр хэмжээний төлөөлөгч ирнэ. Эдгээр төлөөлөгчийн бүрэлдэхүүнийг тусгай суудлын машинаар авах Монгол Улсын талын үүрэг бий. Төрийн болон орон нутгийн өмчийн 150 орчим суудлын машинаар тусгай замын хөдөлгөөний зохицуулалт хийж үйлчилгээнд гаргах төлөвлөгөөтэй тээвэр зохион байгуулалтыг хийж байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
