"Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвийн зогсоолыг түр хугацаанд хаана"

П.Сайнжаргал, IKON.MN
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (КОП-17) наймдугаар сарын 17-28-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үргэлжилнэ.

Энэ үеэр авто замын түгжрэл ачааллыг бууруулах зорилгоор тэгш, сондгойн зохицуулалт 28 хоногийн хугацаанд үйлчилнэ гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэв. 

Түүнчлэн олон улсын хурлыг зохион байгуулах байршлын ойролцоох зогсоолуудыг хаах талаар мэдээллээ. 

Энэ талаар "Томоохон төвлөрөл үүсэх Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл гэх худалдааны төвүүдийн зогсоолыг хаана. Эдгээр байршил 1,500-2,000 тээврийн хэрэгслийн зогсоолтой. Гэтэл тухайн цаг мөчид эрэлт нь 120,000-150,000, 80,000-120,000 байдаг учраас эрэлтийг хангах хэмжээний зогсоол байхгүй. Иймд арга хэмжээний үеэр зогсоолыг хааж байгаа" гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу хэлсэн юм. 

Мөн "Дүнжингарав, Нарантуул захын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх үү гэж иргэд асууж байна. Нийтийн тээвэр болон тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд зориулсан зориулалтын таних тэмдэгтэй тээврийн хэрэгсэл л зогсоолын үйлчилгээ авахаас биш үйл ажиллагаа нь хэвийн явагдана.

Худалдаа үйлчилгээ, татан авах ажил хэвийн. Хамгийн гол нь төвлөрлийг сааруулах зорилгоор шаардлагатай тээврийн хэрэгслийг оруулах байдлаар зохион байгуулалт хийж байгааг ойлгох хэрэгтэй" гэдгийг нэмж тайлбарлав. 



Тэрбээр "Олон улсын томоохон арга хэмжээний үеэр нөөц маршрут гаргах бэлтгэл ажлыг хийдэг. Энэ хүрээнд үндсэн болон нөөц маршрутыг бэлтгэн, Шуурхай штабын тусгай дугаарыг дотоодод ашиглах байдлаар хийж байна.

Хувийн автомашины хэрэглээг бууруулах зорилгоор тэгш, сондгойн зохицуулалтыг авч хэрэгжүүлэхээр болсон. Тодруулбал 28 хоногийн турш тэгш, сондгойгоор явуулна.

Есдүгээр сарын 1-нд бүх тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

  • Цахилгаан тэжээлтэй буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
  • Хэвлэл мэдээллийн байгууллагын машин хөдөлгөөнд оролцоно.
  • Хүнсний бүтээгдэхүүн түгээлтийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
  • Сургууль, цэцэрлэгийн ажилчдын автобус хөдөлгөөнд оролцоно.
  • Дипломат байгууллагын гадаадын төлөөлөгчдийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
  • Нийтийн тээвэр, такси үйлчилгээ, хот нийтийн аж ахуй, оршуулга буяны ажилтай холбогдуулан тэгш, сондгойгоор явуулах захирамжийн хүрээнд хязгаарлалтад хамрагдахгүй.

Цагийн хувьд 07:00-21:00 цагийн хооронд өргөтгөсөн байгаа. Мөн бүсчлэлгүйгээр Улаанбаатар хотын 160 гэрэл дохиотой уулзварын теле камерын хяналтаар тухайн арга хэмжээнд хяналт тавьж ажиллана" гэлээ. 

Зогсоолын талаар "Нарантуул, Дүнжингарав төвийн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл болон удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан. 

Энэ зохион байгуулалтын хүрээнд ногоон бүсэд тээврийн хэрэгсэл зорчуулахгүй, зогсоол дээр явган зорчигчийг чөлөөтэй зорчуулах нөхцөл байдлыг хангаж ажиллана. 

Цэнхэр бүсэд тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн зогсоолыг төлөвлөж байна. Учир нь тусгай хэрэгцээт хүмүүс нийтийн тээврээр зорчих боломж хомс учраас эрх тэгш байдлыг хангах үүднээс ингэж төлөвлөсөн. 

Улаан хэсэгт Ч:30, М:5 болон богино эргэлтийн хоёр маршрутыг төлөвлөн иргэдэд илүү хүртээмжтэй байхаар Нарны зам дагуух зорчих хөдөлгөөнд нийтийн тээврээр үйлчлүүлэх, зам хөндлөн гарахдаа аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд шинээр зогсоол төлөвлөөд нийтийн тээвэр оруулахаар төлөвлөсөн. 

Худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа ААН, байгууллага бараагаа татан авдаг. Үүнтэй холбогдуулан шар зогсоолд шөнийн цагаар буюу оройн 21:00 цагаас өглөөний 07:00 цагийн хооронд шар бүс рүү бараа түгээлт, татан авах тээврийн хэрэгсэл орж зогсоно. Шөнийн цагаар цэнхэр, ногоон бүсийн зогсоол хоосон байна.

Төвлөрсөн эдгээр цэгт хувийн автомашинтай зорчихгүй байхыг уриалж, нийтийн тээвэр болон явганаар зорчих нөхцөл боломжийг бүрдүүлж байна. Ингэхгүй бол хувийн автомашинтай тухайн чиглэл рүү зорчвол түгжрэх эрсдэлтэй" гэлээ.